Өнгөрөгч намар эрт орсон цас хайлж амжилгүй өвөлжөөд саянаас цоормогтон ханзарахад цас мөсөн дороос намрын өвс тэр хэвээрээ гарч энд тэнд шовойж харагдах дов сондуул ногоорон хажуу марзаар хужир шүү цайрах нь сульдаж ядарсан хаврын малд бурхны өглөгөөс өөрцгүй. Иймээс Орхонд нийлэх Бургалтайн цутгалангийн дэргэдэх энэ хэсэгхэн эрээн хүрд хавар болгон хавь ойрын айлууд ирж буцгаадаг юм. Зун ялаа шумуул гарахад дээш сэрүүн газар бараадан нүүдэл хийж Урт, Шувуут, Бургалтайн эх өөд алга болж өгнө. Тэр үеэр Орхоны шумуулыг харахад хөвж байгаа үүл, сонсоход исгэрч байгаа салхи шиг, амьд амьтан тэсэхийн аргагүй, нөгөөх шоолоод байдаг ”дэвүүр бүжиг” гэдгийг хийхээс өөр авралгүй.
Шумуул бол амьд амьтны цус сорж амьдардаг шавжны төрөл, ихэнх шавьж дөрвөн далавчтай харин тэр хоёр далавчтай, жингэнсэн дуутай, урт хошуугаа дааж ядавч цус сороход бол хэзээ ч бэлэн байдаг золиг. Нисэхдээ далавчаа дэвчих давтамж нь асар их тул жингэнэдэг. Эмэгчин нь зуны дулаан цагт амьдрах хугацаандаа дөрвөн таван удаа өөр өөр эрэгчинтэй үржилд орж нэг удаад хоёр зуу гаруй өндөг гаргадаг аж. Эр нь эмэгчинтэй хавьтсныхаа дараа үхчихдэг. Иймээс эмэгчин бол эрэгчний хувьд түүнийг үхлийн оронд тонилгох Эрлэг номун хатан л гэсэн үг. Харин эмэгчин нь нөмөр газар өндгөө гаргаж хаячихаад дараагийн золигт гаргах эрэгчинээ хайж одох ба тэр нь түүний үр төл ч байж болох талтай. Түүний хамгийн чухал бөгөөд гол эрхтэн бол хошуу нь. Шумуулийн бүхий л амьдрал нь хошуун дээрээ тогтоно. Хошуугаараа идшээ үнэртэн олж түүгээрээ тэмтэрсээр цоолж болох газар шигтгээд шүлсээ шахна. Шүлс нь цус шингэлэх чанартай тул тийм цусыг хялбархан сорж түүнийгээ шингээхдээ нөөцөлсөн бүх хүч тамираа зарцуулдаг. Цатгалан үедээ нөмөр дулааныг бараадан нойрсоод сэрэнгүүт л эрэгчингийн эрэлд гардаг. Халуун оронд чичиргэнэ буюу малария гээч тахлын нян тараагч шумуул гэж аймшигт ялаа хүн төрөлхтөнд маш их аюул учруулдаг хэмээн эрдэмтэн мэргэдийн ном сударт тэмдэглэсэн буй.
Орхоноос тасарч үлдсэн жижиг цөөрмийн хөвөөгөөр усны шувууд бөөгнөрч, цаана шар усанд урт хүзүүгээ сунган хааяа алсын барааг ширтэн зогсох цэлдэн хөх хэдэн тэмээ, хажуудах хужир цайсан мараанд овоорох мал сүргийн дэргэдүүр ”Нэрээд байгаа архийг нь дуусахын чинээ бодсонгүй” хэмээн дуу аялан омголон хонгор морины нуруун дээр тогтон ядан найгаж яваа энэ эрийг эндхийнхэн долоон тэмээт, буюу Сөс гэх ба жинхэн нэр нь Самдан төвд цөцгий хүргээд ирж байгаа нь энэ. Буурлууд маань архи гэдэг идээг хэзээ, хэнтэй, хэр зэрэг хэрэглэхийг амаа чилтэл ярьж л байдаг. Харин Самдан бол олдсон даруйд нь буг чөтгөртөй ч хамаагүй хүртэж, савных нь ёроолыг харахаас нааш зогсоно ч гэж үгүй, Бургалтайн голоос бусдыг нь барж байж л сална. Давилуун хөөрүү зан нь, архи балгахаар агсам болдог, согтохоороо “Сэлэнгийн долоон тэмээт байна. Ходоод халааж, хоолой дэвтээх юм байна уу?” гээд л айл айлаас архи нэхэж өхгүй бол агсамнасаар Сөс хочтой болсон байх. Өнөөдөр харваас халамцуу болох нь илт, нэг юм болох нь ч гарцаагүй ээ. Та харж л байгаарай.
Анх Самданг бага байхад тэднийх Бургалтайд нутаглахаар Булганы Цонхлонгоос тэмээн жингээр нүүж ирсэн гэдэг. Тэр үед Бургалтай Булганы харъяанд байсан юм л даа. Тэмээн жин айлын гадаа ирэхэд морь мал үргэж уяагаа авчих гээд нохой шуугилдаж нэг том үйл явдал болж өдөр тутмын саарал амьдралыг сэргээн, хүүхэд багачууд хөгжилдөн гүйцгээж, авгай хүүхнүүд уулга алдан, тогоотой сүү дэвэрч сүйд болдог байлаа. Тэдний тэмээ мөн ч олон айлын морины уяаг авахуулж, мөн ч олон хүний хараал идсэн, харин сүүлдээ мал хүртэл тоохоо болиод бүр дасчихдаг юм билээ. Голын хөвөөгөөр бэлчих энэ долоон тэмээ бол сөс Самдангийн эх эцгийн буянгаас үлдсэн хэд нь. Айлд эцэг эхийнхээ үлдээсэн мал хөрөнгийг өсгөж аривжуулдаг хүүхэд байхын зэрэгцээ бас сэгсэрдэг нэгэн байдаг л аж.
Мань хүн байсхийгээд л тэмээгээ алдаж ганц нэгээр дутаасаар үлдсэнийг олж авчирсан нь энэ дээ. Сөсийн хэдэн тэмээ хариулга, маллагагүй Орхоны эргээр ялаа шумуултай хамт нутаглаж бүр дасаад өдөртөө хэдэн удаа голын хоёр талд гарч Алаг уулын бэлд ургах харганы бут сөөгнөөс илүү Орхоны эргийн нарийн бургасанд бэлчих нь ердийн үзэгдэл. Тэмээ усанд муу гэдэг ч юу л бол, ямартай ч энд ирсэн тэмээ усч болчихдог тул бурхнаас түүнд заяагаагүй олон юмыг бодолцож энэ авъяасыг нь дэмжсэн ч байж болох талтай. Самдангийн тэмээнүүд Орхон үертэй байхад тоох ч үгүй хүзүүгээ сунган зүтгэсээр гараад явчих нь энүүхэнд.
Бургалтайн Цагаан-Овооны туршлага станцад байсан дал шахам тэмээг нэг үе Сөс маллаж байсан юм. Мань хүн тэмээгээ маллахаас илүү сүүн заводын айлуудын бүрхээрийг манаж нөгөөх хэдийгээ хангайдаа даатгаж орхих нь элбэг, тэгээд ч эндхийн чоно тэмээнээс айгаад хавьтдаггүй байсан үе, архи ууж, айл хэсч явсаар арав гаруй тэмээг нь алдчихаад халагдаж, алдуул малаа эрэх нэрийдлээр чөлөөтөй хэсч аяга тагш юм эргүүлэх ажилтай л хоцорсон доо. Үлдсэн хэдэн тэмээг нь янгиа Чойндон гэж өвгөн хүлээн авч малласан юмдаг. Тэрээр эхнэр охин хоёрын хамт богино хөлийн хэдэн малтай чөдрийн хоёр морьтой, түүнийгээ адуунд тавьж байхыг би ер үзээгүй дандаа л аргамжчихдаг хүн байв. Эхнэр охин хоёр нь дуу шуутай, ааштай бол ааштай, галтай бол галтай айхтар шар хүүхнүүд, ёстой л шар хүн шартай хэмээх үгэнд дүйцэх атал, Чойндон өвгөн дуу цөөтөй, ажилд яхир, янхир том нэгэн тул янгиа хочтой болсон байх. Эхнэр охин хоёртоо хааяа “Энэ хоёрын амаа урчих гээд байгаа хэлэн дээр нь хазаарын амгай тавьж, хар будааны хальс шиг хоосон үг чалчихийг нь болиулахсан ” гэдэгсэн. Уурлаж байгаа нь ердөө л тэр. Чойндон гуай тоо тоолж мэдэхгүй ч өөрийнхөө хэдэн хонь, станцийн тэр олон тэмээг цэрэвхэн хараад л дутуу эсэхийг нь мэдчихдэг айхтар ойтой хүн. Нэг удаа тэрээр эхнэрээ байхгүйд нь малаа тооллуулах болж гэнэ. Хашир авгайнхаа зааж өгсний дагуу малынхаа тоог хэлээд цаадуул нь тоолж тулгаад байв. Эцэст нь адууг нь тоолох болоход Янгиа сандарч “За байз юу билээ...? Хээр морь, хүрэн морь, бас нэг унагатай гүү за тэгээд юу болж байна” гэсэн юмсанж. Эхнэр нь дөрөвхөн адуутай болохоор ч тэгсэн үү, эсвэл мартсан уу, нөхөртөө тоог нь хэлээгүй явчихснаас Чойндон гуайн тоо тоолж мэддэггүй нь илэрч гэнэ. Иймээс тэмээ хүлээлцэх гол ажлыг Чойндон гуайн охин Нэрэндум Самдан хоёр гүйцэтгэж түүнээс хойш Сөс дутсан тэмээнүүдээ энд тэндээс олж авчрах, заримдаа бүр үл ялих шалтгаанаар тэднийхээр орж гардаг болсныг хүмүүс анзаарахгүй өнгөрөөнө нь гэж яаж байхав дээ.
- Манай Самдан алдсан тэмээнийхээ хойноос ингэж зовно гэж байдгаа? Заримдаа бүр үлий сахисан сар шиг шөнө хүртэл Чойндонгийнхийг эргэх юм хэмээн даапалахыг Сөс юман чинээ ч тоохгүй
- Чухам аа, чухам нөгөө гудрагнууд шөнө ирээд ижилдээ нийлчихсэн байж магадгүй гээд л..., энэ хэд ч намайг шүүстэй минь ёстой нэг хатааж байнаа, хэмээн мар мар инээхэд хэн нь юундаа нийлж, юутайгаа хатаж байгаа нарийн учрыг аль хэдийнээ мэдэх хүмүүс түүний яриаг үл тоовч дахин уулзахад мөн л нөгөөхөө асууж инээлдэнэ. Нэрэндум Самданд амь тавин дурлаагүй ч авчирсан идээг нь ч, аавын хүүг нь ч цаашаа гэдэггүй л байж. Тэр өвөл онд гайгүй орсон ч хаврын адаг сарын эхээр хүйтэрч Орхоны эргээр урь орж эхлэхэд Бургалтайн айлууд билчээр усыг бараадан доош Хар эрэг, Алаг уул тийш Орхоны эргээр бууцгаасан хэрэг. Нутаг сэлгээд удаагүй байтал бүр дулаарч сүүн завод ажиллаж цөцгийгөө долоо хоногт хоёр удаа төв рүү зөөж эхлэв. Самдан цөцгий хүргэхдээ тунч дуртай, урд орой нь хүрэн тайлагаа барьж, мориныхоо дэлийг нь засч хоноод өглөө яагаач үгүй эрт босч дээлээ сольж, түүчээ хүрэн тайлагаа тэргэнд хөллөж цөцгийтөй хэдэн бидоноо ачаад гарч өгнө дөө. Харин буцахдаа тэмээгээ замд оруулж сул тавьчихаад өөрөө хоцорч айл хэсч явсаар гэртээ ирэхэд нөгөөх тайлаг нь хоосон саваа хангинуулан зам дагаж алхсаар гаднаа ирчихсэн байдагсан. Самданг ирж амжихгүй бол эхнэр Бүтэд нь тэрэг тэмээг нь салгаад түүний ирэх зүгийг саравчлан харж санаа алдсаар үдшийг барна. Ийм үед Сөс архидаж Цагаан-Овоонд өөрийн танилуудтай учир ургуулах нь цөөнгүй. Харин энэ өдөр Нэрэндумынх тэнд байсангүй, тэмээгээ авч Орхоны цаад руу нүүсэн тул Самдан ийм эрт ирсэн юмсанж. Бүтэд эр нөхрийнхөө тухай хов яриаг сонсч, элдэв явдлыг нь гадарлавч дотроо хий бачимдахаас цаашгүй, анх Самдантай нийлж байхаас Нэрэндумыг мэдэх авч ийм юм болно чинээ бодсонгүй, энэ талаар сануулсан эхийнхээ үгийг ч аваагүйн гор гарч, одоо хойноос нь амь тавин дэгэлзэх болж. Түүний цээжинд шатаж байгаа галыг Самдангаас өөр хэн унтраахав. Хайр дурлал гэдэг зүсрээд өнгөрдөг бороо биш, зүрхэнд үлдэх болохоор Бүтэдийг буруутгах юу байх билээ. Өнөөдөр эр нөхрөө эрт ирсэнд тэрээр олзуурхаж согтуу байгааг нь ч тоосонгүй, гэрийн бараа харсан нь яамай гэж бодсоор харж зогстол Самдан айлын гадаа боргосон нохойг нь ташуурдаж, дараах айлын гадаа морин дээрээ тогтон ядан байж “Сэлэнгийн сөс Самданд хоолой дэвтээх юм байвал...” хэмээн хашгирч, мориныхоо хажуу руу унжсаар урд хөлд нь холиборон унахад, өглөө тэмээн тэргэнд ойртохгүй цамнаж байсан омголон морь нь хулмалзан чичирч байснаа хойш ухран зайлсхийж зогсчихоод өвс хазлан байв. Бүтэд гүйсээр очиж нөхрөө босгон үүрээд, морио хөтөлж арай ядан гэртээ оруулж санаа амарчээ. Нар хэвийж Бүтэд үнээний зэлнээс нэг харахад Самдан морио уначихсан гол руу явж байлаа. Мань хүн сэмхэн гарч мордон голын цаана Нэрэндумыг хайхаар шийдэж
“Нэрээд байгаа архийг нь дуусахын чинээ бодсонгүй.
Нэрэндумаа хүүхнийг нь нүүхийн чинээ санасангүй” хэмээн амандаа аялсаар давхихад хүмүүс араас нь ус үертэйг сануулавч Сөс зр тоосон янзгүй “Баатар эрс сэлмээрээ цавчаад гарч байсан юмаа хөө” гэсээр морио давиран ортол их усны давалгаа нөмрөв. Зэлэн дээрх авгай хүүхнүүд сүйд майд болж, Бүтэд гүйсээр гадаах ноорхой хүрэн тайлагаа унан тэшүүлсээр нөхрийнхөө хойноос Орхон руу шууд орчихов. Тэмээний бөөрөөр ус цалгилж Бүтэд бөхнөөс нь зүүгдсээр байв. Голын дунд хирд яваа Самдангийн морины хондлойгоор ус халихад, сүүлнээс нь зүүгдсэн согтуу эр сандрахдаа алдчихжээ. Морь хүн хоёрын хоорондох зай улам холдож Самдангийн толгой шоволзон малгай нь усанд хөвсөөр мөрөгцөгийн цаагуур бараа алдрав. Энэ аюултай мөчийг харсан Бүтэд ухаан балартсан ч тэмээнээсээ зүүгдсээр эрэг дээр гарч ухаангүй уналаа. Бүтэдийн араас хүмүүс очиж түүнийг эрэг рүү элгээр нь хэвтүүлэн залгисан усыг нь гаргахад тэр дөнгөж ухаан оронгуут доголсон нулимсаа барьж ядан “Самдан хаана байна?” гэсээр босч эрэлд гарлаа. Самданг голын цаана гарсныг харсан хүмүүс “Тэмээгээ эрж яваа” хэмээн түүнийг тайвшруулав. Самдан хөндлөн сэлээд гарч чадахгүй ч хөлгүй усны хөвөөнд төрсний хэрэг юу билээ, урсгал даган хөвсөөр аз түшиж гүехэн газар хайргадаж хөл нь газар хүрэхэд эрэг тийш мацсаар арай ядан өөрөө амьд гарч, хоёр гутлыг нь малгайн хамт Орхон авч хоцорчээ. Сөсийг эрэг дээр гарч ирэхэд үдшийн бүрий орж салхигүй бүгчим байсан тул Орхоны хөвөөгөөр шумуул ид шаагиж хувцасаа тайлж мушгих зуур биедээ эрүүл газаргүй болтлоо тамгалуулаад бургасны ёроолд чичрэн суутал эхнэр нь түүний морийг хөтөлсөөр ирлээ. Шумуул түүний уусан архиийг гаргаж сөсийг нь жаахан шингэлж өгч. Сөс эхнэр, хүрэн тайлаг хоёроосоо зуурсаар гол гатлав. Эрэг дээр бууж хөл нүцгэн чичирсээр мориндоо мордож, эхнэртээ хөтлүүлэн явахдаа гэм хийсэн харцаа нуун гэлбэлзэж, булдруутсан толгойгоо маажин, Бүтэдийн царайг нь сэм сэм ажигласаар гэрийн зүг алхуулав. Саахалтын авгайчууд бахаа ханатал инээлдэхэд Бүтэд эр нөхрөө хурдан гэртээ оруулахын түүс болжээ.
Удалгүй тэр хавийн айлууд дээш Бургалтайн эх өөд нүүхэд эзгүйрч хоцорсон бууцан дээгүүр эргэлдэх элээ шувууд, чихний үзүүрт жингэнэх шумуулийн дуу, голын эрэг дээрх элдэв хог новш, хатаж хорчийсон адсага, буйранд орхисон тулгын чулуунаас өөр гойд зүйл үлдсэнгүй. Үерлэн хуйларч нүд чилээм хөвөх Орхон эргээ халин хажуугаар хөглөрөх хог новш, хов жив, элдэв муу муухай бүхнийг хуу хаман их урсгалдаа нийлүүлж заримийг нь эрэгтээ гарган чулуудахаас өөр юуг ч үл ойшоон оволзсоор үлдвээ. Их ус ингэж л өөрийгөө ариусгадаг аж. Үүнээс хойш сөс Самдан голын цаана гарах байтугай эрэгт ойртохоос буур харсан тайлаг шиг айдаг болсон тул Нэрэндум ч түүнийг үгүйлэхээ болио биздээ. Самдан хөлгүй усанд үйж үхэх шахснаас хойш архи ууж сагсуурах нь намдаж хааяа согтоход нь Бүтэд түүнийг голд аваачиж усанд оруулана гэхээр архи нь гарчихдаг болсон юм. Тэмээ харж гэртээ суух эрд нутгийнхан “долоон тэмээт” гэж шинэ хоч өгсөн хэрэг.
Сүүлд Орхонтуулд галвын говийн улаан тэмээ нутагшуулахад сөс Самдан тэмээчин болоод малаа алдаагүй, тэмээ үзээгүй хэмээн адлуулдаг Сэлэнгэ аймаг олон тэмээтэй болж байсхийгээд л сонин хэвлэлээр гарч Сөс маань их мандсан шүү хөөрхий. Иймэрхүү амьдрал, Самдангийн долоон тэмээнээс болоод л Сэлэнгэ маань шумуул, тэмээ хоёртой нэр холбогдчихсон удаатай. Сэлэнгэ долоон тэмээтэй, дэвүүр бүжигтэй гээд ямар золиг нь хэлчихсэн юм бүү мэд, үүнээс хойш амь бөхтөй үлдсэн энэ үг олон жил ам дамжин яригдсаар бүр үнэн болчих шахсаныг та Сэлэнгэ нутгийн хүн бол юу андахав. Сөс тэмээгээ дахиад алдсан болчиг ёстой л долоон тэмээ тоолуулах байждээ.
Н.Бадарч. Арлингтон 2003
