12/17/08

Ногоон Сэрээнэнгийн жороо хар

Бургалтайн голын олон Сэрээнэнгүүдийн дунд ногоон Сэрээнэн гэж ногоон нүдтэй, сөөнгөдүү хоолойтой намхан давжаа биетэй ч ямарч хүний дор орохооргүй авхаалжтай сэргэлэн эр байж билээ. Сэрээнэн гуайн овог Даш, эхнэр нь мөн л буурал Дашийн Цэнд гэж бас л намхан туяхан ч тэр жижигхэн биенээс хаанаас нь энэ их эрч хүч нь оргилж байна гэмээр нөр ажилсаг бор хүн байх. Манай нутгийн Даш, Сэрээнэн, Цэнд барагдах биш дээ, буурал, шаамий, ялтийн Даш, бүдүүн, ногоон, гилжгий, шүлхий, нусгай, анив, со Сэрээнэн, дархан, намхан, жаахан, хавчиг, дуугүй, хөх, халзан, Моломын, Лонхын Цэнд гээд тоолж баршгүй тэгээд ч эхнэр нөхөр хоёрын овог ижил болохоор хооронд нь андуурч будилаад ногоон Сэрээнэн гэснээ сүүлдээ “Ногоон, ногоон” гэсээр бүр дасч орхисон юм. Ногоон Сэрээнэн гуайнх анх цөөвтөр малтай айл байснаа хонь мал нь өсөөд мянга хүрч Бургалтайн толгой баячуудын нэг болсон ч тэд өөрсдөө сайхан морь, содон чамин эд, элдэв наргианд угаас дуртай, үрж зарахаа хүрвэл гар татахгүй, юмыг олж ч чаддаг, үрж ч чаддаг хүмүүс байж. Дашийн Сэрээнэн гэхэд мэдэхгүй мөртлөө ”Ногоон” гэхээр түүнийг танихгүй мэдэхгүй хүнгүй, наймаа арилжаа хийх, морь мал сураглаж яваа аянчин тууварчин цөм тэднийхээр цувж газар газрын элдэв сонин хачныг тэндээс олж сонсдог байв шүү. Эхнэр Цэндийг нь мөн л Дашийн гэхээр мэдэхгүй, ямар ямар гээд байхаар нь “Яагаав ногооны” гэхээр сая ойлголцоно. Хүүг нь Сэрээнэнгийн Бадарч гэхээр урдаас “Ногоон Сэрээнэнгийнх үү?”, “Со. Сэрээнэнгийнх үү?” гээд байдаг юм. Тэхээр нь “Яагаав ногооны Бадарч” гэж хэлэхээс яахав. “Ногоон” гэдэг үг тэдний хувьд утгаа бүр алдаж өнгө илэрхийлэхээс илүүтэй Сэрээнэн Цэнд гуай, бүр үр хүүхдүүдийнх нь овгийг хүртэл орлох болчихсон юм. Морьдийг нь хүртэл ногооны жороо хар, хурдан хонгор гэхийг нь яана гээч. Манай нутагт олон тохиолдох бас нэг нэр бол Бадарч. Бургалтай ямар олон Бадарчтай гэж санана, тоолж барамгүй. Ногооны Бадарч бид хоёр багаас нэг голд өссөн, тогтоовол нэр ижил, тоолвол нас чацуу, төөлвөл бие тэнцүү гэвэл худал тэр маань надаас хавьгүй том тул, хурдны морь унахаас эрт мултарч намайг уралдахад гаргадаг албатай болчихсон юм. Биднийг явж чадахгүй шахам байхад номхон морины нуруун дээр тавьчихаар шилгээхэд нь дэлнээс зуурчихаад орилолдоод байсан юм гэнэлээ. Ингэж л балагтай хоёр Бадарч хөдөөгийн амьдралаас зууралдан чирэгдэж орилолдсоор хүн болсон, болох ч гэждээ хүн төрхөө л олж байсан амьтад даа.

Ногоон Сэрээнэн гуайнх өргөмөл хоёр хүүхэдтэй, том охин Дэжид нас ид залуу, юмны сайныг эдэлж, морины сайхныг унаж, залуусын хайрыг булаах манай нутгийн царайлаг, дэгжин бүсгүй гэвэл яах аргагүй л мөн. Тэр хоёр ганц охиндоо туйлаас хайртай, ямар ч үнэтэй морь мал, эд юманд гар татаж байсангүй. Дэжээ эгчийн юм болгон тусдаа унадаг морь, уудаг аяга, иддэг хоол, өмсч зүүсэн, эдэлж хэрэглэсэн нь дэгжин чамин байх тул би багадаа хурдхан том болоод Дэжээ эгч шигээ гоё эхнэр авчихаад Дашцэрэн, Даваадорж ах нартай хамт сайхан морь унаад айлын гадуур уралдаж хашаан дээгүүр нь харайлгаж явахсан гэж мөрөөддөг байлаа. Хүү Бадарчийнх нь төрсөн эцэг нь Хангалын Лувсандэндэв гэж ханхиал эр, бие бялдар томтой, сумынхаа наадамд ногт ганзаглан ирдэг, цагаан сараар эмнэг догшин азрага шургуулаад эмээл дээрээсээ гуд татан тогтоодог, нүүхдээ мориныхоо уяаны шонг суга татаад авчихдаг найгүй их бяртай сумын заан хүн байсан гэдэг юм. Бадарч ч төрсөн эцгийгээ дуурайсан өргөн тэвхгэр цээжтэй, хотгор нуруутай, бяр ихтэй, бялдар томтой Сэрээнэн баяны хангал хэдэн морьдийн чилээг гаргадаг нь тэр л байлаа.

Манайхан олон жил айл саахалт явж бид хоёр Бургалтайн голын хөвөөнөө хамт тоглож өсөхдөө яаж хөглүүлж балаг тарьж явсныг тоочоод баршгүй. Эрхэлж тоглосоор хонь хургаа нийлүүлэх, ноцолдож гүйлдээд гутал хувцасаа урах, хайлган цагаар бух мөргөлдүүлж, морь уралдуулж эцэг эхдээ баригдаж алганы амт хүртэн аль болохгүй бүтэхгүй юм хийчихээд буруутах нь нар гараад жаргахын адил ердийн үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй бизээ. Тэр үед албан журмын маханд эр үхэр авдаг байснаас эр үхэр ховор, бух бүрч ховор яагаад гэвэл хүмүүс ганц нэг эр бяруугаараа бух тавичихаад хоршоонд юугаа өх билээ. Тэгээд ч манай голд Ишдоржийн улаан, Нанзадын хүрэн гэж хоёр сайн бух байхад санаа зовж байсангүй, харин мах бэлтгэлд хоршоонд өх эр үхэргүй л ихэд сандарцгааж зарим нь бүр айл амьтны доог болдог байв шүү. Манайхны танил Бааны Дорж гуай хоршоонд өх эр үхэргүй тул нас нийлээгүй залуу бухаа ааваар засуулахаар туугаад иржээ. Үхэргүй байж бухаар яахав, ядаж ялнаас салъя гэж бодсон хэрэг. Аав маань соёнготоод үхчих болов уу гэж тээнгэлзэж байснаа нэгэнт өөр аргагүй болохоор яая гэхэв, хөнгөлчихөж. Нөгөө бух нь манай гадаа хэд хоног хэвтлээ босдоггүй, үхэх нь гэцгээж байтал нэг өглөө алга болчихсон. Гуу жалгаар хайгаад байдаггүй. Тэгсэн харин айлын үхэр дотор дажгүй идээшлэж явна гэнэ. Тэхээр нь Дорж гуай асман үхрээ бушуухан аваачиж хоршоонд тушаачихаад санаа нь амарч “За одоо манайх гэдэг айл надаас өөр эр хүйстэй юмгүй боллоо“ гэхэд хүмүүс “Хойтон тэхээр чамайг хөнгөлөх болох нь, наана нь ажил төрлөө сайн амжуул” гээд л бөөн инээдэм болцгоодог байв шүү.

Ишдоржийн улаан, Нанзадын хүрэн хоёр ямар ч бухад дийлдэнэ ч гэж үгүй, бусад бухнууд ирж явахыг нь хараад л хулхи нь бууж дагаж явсан үнээгээ орхичихоод зугатана. Харин хоорондоо мөргөлдөж байхыг нь бид л лав хараагүй. Тэр намар манайхан Цагаан овооны шилд, Сэрээнэн гуай намрын хужир, өвлийн дах, намар хужир идсэн мал өвөлд өлчир гэдэг болохоор хужирт ойртсон нь тэр биз. Бадарч бид хоёр Хүйтэн булагт үхэр хужирлахаар очиход голын эргээр манайхны үхрээс гадна Намгийн тархиар буусан айлуудын хужиршсан мал бөөгнөрч хоёул морьдоо тушиж хужирт тавичихаад юу хийе дээ гээд голын эрэг дээр хэвтэж байтал үхэр дотор Ишдоржийн улаан, Нанзадын хүрэн хоёр явж байна шүү. Тэхээр нь нөгөөхөө дуудан хоёр бухыг зааж “Одоо л нэг үзье” гэхэд Бадарч маань “Тэгье” гээд нүд нь сэргээд ирлээ. Хоёр бух гэдсээ хөвхөлзтөл урамдаж энэ сүрэгт надтай үзэлцэх хүчтэн байна уу гэх шиг эврээрээ газар олин сэндийлж, хөлөөрөө шавар шороог онги татан зоон дээрээ ээлжлэн цацаж, хааяа толгойгоо өргөн хамраа сөхөн, шээсээ савируулан зогсож харагдана. Бид тууж ойртуултал тэд холоос бие биенээ хараад маш сүртэй урамдан хэсэг зуур хөшсөн юм шиг хэрэн зогсож байснаа мөргөлдөхөөс залхуурсан бололтой толгойгоо сэжлэн зайлсхийж явчихаад байлаа. Нөгөөх маань дунд нь юм чулуудчих гэж байна, тэхээр нь дахин ойртуулж байгаад хэрээд зогсохоор нь дунд нь малгайгаа чулуудтал хоёр бух зэрэг ухасхийн тас хийгээд эврээс нь гал бутраад явчих шиг боллоо. Юу болсон гэж санана, сүүлээ огшин, нүд нь улаанаар эргэлдээд, эврийн дуу тачигнаж хүзүү, гуя, нурууных нь бүхий л булчин гүрэлзээд, бие биенээ түрэхэд дөрвөн хөлийн аясаар нь газрын хөрс гүнээ ярагдаж, тэр дунд аавын маань өгсөн тэвхүүз малгай бухын хөлд хэгз гишгүүлэн, тэдний чимээнээр хужирт үхэлдэн овоорсон үхэр сүрэг хүртэл энэ тулаан хэрхэн төгсөхийг харж алмайран зогсцгоов. Хоёр бух бие биенээ нааш цааш нь түрэн аль аль нь мөчөөгөө өхгүй ана мана үзэлцэж бид хоёр хажуугаас нь “галд тос” нэмж байтал Бадарчийн ээж Цэнд гуай хонгор морьтойгоо бухнуудын дундуур орж салгаад бид хоёрыг “Хайлган цагаар мал тамлаад яасан нүгэлтэй хар ёдруудов” хэмээн загнасаар шүлбүүр барьчихсан улаан галзуу ирлээ дээ. Морьгүй хоёр ч яахав, хий дэмий л бөөн дэрс бараадав. Цэнд гуайг ирэхээр нь дэрсэн дотор тугдайгаад хэвтчихээр морь нь үргээд ойртохгүй, буухаар нь босож зугтсаар би мултарсан, нөгөөх маань нилээд гүвшүүлээд духандаа булцуутай салсанч хэд хоноод ул мөргүй арилсан даа. Харин хоёр бухны үлдээсэн мөр Бургалтайд одоо ч хүртэл бий. Тэднийх нэг тарган гунжаа сувай үлдээж өвөл идшинд хэрэглэе гэж байтал түүнийг нь бух дагаад болдоггүй гэнэ. Бадарч аавдаа хэлтэл үхрийн баас түрхчих гэснийг ёсоор болгосонд бух дагахгүй байж байтал нөгөөх хүрэн бух дагаад байна гэнэ, тэхээр нь бас л үхрийн баас нялахад хүрэн бух тоосонгүй дагасаар үнээ нь хээлтсэн тул идшинд хэрэглэсэнгүй, харин тэр гунжнаас гарсан эр хүрэн тугалаар Сэрээнэн гуайнх бух тавиад үхэр нь өссөн юмдаа. Бургалтайн үхэр сүрэг улаан, хүрэн голдуу зүстэй, өнөөг хүртэл өнгө сайтай байгаа нь тэр хоёр бухны үлдээсэн мөр, үр төл нь юм шүү дээ.

Сэрээнэн гуай наймаа панз хийж мөрийтай тоглохоос гадна морь сайн танидаг, сайхан ч уядаг, малын элдэв оёг согогыг таньж эдгээж чаддаг, од мичид, тэнгэрийн хаяа, огторгуйн үүлийг хараад байгалийн зан аясыг андахгүй хэлдэг, ерөөс хүн хүрээлэн буй байгаль орчноо амьдралынхаа туршид ажиглаж сурсныг ухаан гэвээс Сэрээнэн гуай аргагүй л их ухаантай хүн байждээ. Тэрээр урт цагаан гаансаа гарган тамхиа нэрж, гантай дэрсний толгой мэт бууралтсан сэврээ сахлаа имрэн зуны тэнгэрийн өмнүүр орших Далайн бортого хэмээх зэрэглээ хоёр одийг ажигласаар зэргэд юм уу хэлтгий байхаас шалтгаалан цаг агаар ямар байхыг хэлнэ. Хэлтгий бол од унжлаа бороо орох нь гээд зөрж байсан удаагүй. Адуунд бол бүр гарамгай аранга, хатанги, жидүү, жилбэн, ям, гүен, тулаа, сахуу, сөдрөг, багтраа, харшаа гээд мэдэхгүй өвчингүй адуу налихдаж хөлс нь асгарч үхэх шахам хэвтээд байхаар нь дээд зовхиноос нь хүүхэн харааг нь халхалсан мөгөөрсийг нь огтолж зүүгээр хуулж авах ба дэлүүтэхээр нь шөвгөөр хатгаад эдгээчихдэг. Манайх Бор үзүүрт хаваржиж байтал шаатан хээр морь маань адуунаасаа ганцаар тасарч хар хурдаараа давхиж ирээд гадаа уяан дээр пид гээд унаад өглөө. Гэдэс нь дүүрч амьсгаа ихтэй үхлүүт хэвтэж байгааг Сэрээнэн гуай үзсэнээ дэлүүтсэн байна гээд бөөрний хонхорхойд урт шөвөг ишинд нь тултал шааж хөдөлгөсөөр морь сэхэж босоход нь намайг хөтлөөд яваад бай гэж билээ. Би уяа тойрч явахад шөвөгний иш гозолзоод байсан, тэгсээр морь маань зүгээр болоход ээж аав маань уйлж, шаатан хээр гадаа идээшлэж байгаад тэр оройдоо адууныхаа хойноос очиж нийлсэн. Адуу их ухаантай амьтан шүү, гаднаа ирээгүй бол хээр үхэх байж дээ. Дэлүүтсэн адууг ингэж шөвгөөр дэлүүг нь урсаар эдгээдэг нь эцэг өвгөдөөс маань үлдсэн урьд эртний арга, хэрэв сийчэж урахгүй л бол өөр аврал байхгүй тэр дороо үхдэг гэж Сэрээнэн гуай ярьдаг юм.

Бадарч бид хоёр уралдаж морины хурдаар уяанд тулж зогсохыг тэрээр нэг нүдээр үзэхгүй, хар хурдаар яваа морийг гэнэт зогсооход эвгүй гишгэснээс хөл, бэрэвхий нь тулаатах, нурууны булчин гэмтэж зоогоо авч доголодог гэж сургана. Сэрээнэн гуай дараа жилийн наадамд уях морио өмнөх намраас нь эхлэн гамнаж өвөлдөө ээвэр газар өтөг бууцан дээр голдуу байлгаж хөх өвс, овъёс, будаагаар тэжээн адууны тэнгэр Хаянхирваа бурхныг сүсэглэн, уяж эхэлсэний дараа өдөр бүр энэ бурхны зүрхний тарни гийнгоог марзайлж байх нь хурдан морины сүлд хийморийг тэтгэдэг гэдэгсэн. Азрага тавих унагыг багаас нь шинжин дэлийг нь авахгүй байлгасаар азрага тавиад унаган дэлтэй азрага барс ирвэсийн хүчтэй, бүргэд шонхорын зоригтой гэж ярих дуртай. “Та энэ бүхнийг яаж мэдэв ээ?” гэхэд адуу өвчлөөд гаднаа ирэх ухаан байхад хүнд энэ зэргийн юм байлгүй дээ гэнэ. Наймаа панз, мөрийтай тоглоом бол түүний нэг өвчин, хурдан, жороо морь, хөөрөг, гаанс, эмээл хазаар гээд л хаана юу байна тэнд хэдийнээ очиж үнэ хаялцаж авчихаад тун удалгүй цааш нь зарчихдаг сонин зантай хүн байлаа. Сэрээнэн гуай хэд хоногоор явж наймаа хийж, мөрийтэй тоглоод ирэхдээ заримдаа адуу мал туугаад, заримдаа танихгүй хүмүүс түүнийг дагаж ирээд эргүүлж аваад явахыг алийг тэр гэхэв, эхнэр нь ч энэ бүхэнд бүр дасч, орж гарсан бүхэнд цай унд, хоносон хүнд хонь гаргаж хоол хийсээр тоох ч завгүй.

Тэр үед ойролцоох сумдын наадам цуварч болдог, хөдөөгийнхэнд зуны дэлгэр цагт морь уяж наадам хэсч явахаас илүү жаргал хаа байхав. Адуу малаа тууж дөрвөн дугуйтай, дээрээ мухлагтай морин тэргийг манай нутгийн холхойн Дамба гуайн дүү дүлий Жамбалай ах хөтөлж Бадарч бид хоёртой хамт гарна. Аав ээж нар маань түрүүлж гараад айл хэсч айраг ууж явсаар орой буухад зам тосч очдог байв. Жамбалай ах өвөл зунгүй манайхнаар хонь мал хариулж, Бадарч бид хоёрыг өвөл нь цагаан сараар айл хэсэхэд дагаж, зун нь наадамд явахад морин тэрэг хөтөлж явсаар бидэнтэй ижилдэн дассан юм. Бид хоёр эрхлэж цагаан сараар заавал азрага унаж айл хэсэх дуртай, бүдүүн азарган дээр мордоход дөрөөнд хөл хүрэхгүй тэхээр нь бууж мордохоос залхуурч айлын гаднаас “Хөөё боов аваад өгөөч” гэхээр гэрээс хүн гарч боов өгнө, хэрэв ааруул өгвөл гэр дээр нь чулуудаж явцгаасныг маань Цэнд гуай дуулчихаж, манайд давхиж ирээд “Энэ улаан ёдрууд айлын өгсөн ааруулыг гэр дээр нь чулуудаж явна гэнэ” гээд л бууж гарлаа. Дараа нь ээжтэй цагаан сараар хэний эхнэр ямар дээл хийж өмсөнийг нэгд нэгэнгүй ярьж байгаад явсанаас хойш Жамбалай ах биднийг цагаан сараар айл хэсэхэд харж явдаг болчихсон юм. Харин Сэрээнэн гуайнх надад цагаан сараар халуун хошуутай мал гэж хурдан унага эсвэл хундан цагаан хурга өгдөг байж билээ.

Нэг удаа Сэрээнэн гуай, Намхай өвөө, манай аав тэр хэд Намхайн хээр гэж олон морьдийн дундаас цойлдог онивч хурц гараатай, гарсан чигээрээ тасарвал гүйцэгдэхгүй явсаар түрүүлдэг, тасарч чадахгүй бол хулгаад байдаг, одон сартай шар хээр морь уяад, Хангалын наадамд очиж олигтойхон мөрийцэж байгаад авчихъя гэж шийдэж, тэгээд тэнд очиод архи ууж ам халаад “Энэ дэв дээр хээр морины өмнө гишгэх дөрвөн хөлтөй адгуус гардаг юм бол шанд нь бүдүүн морь өгнө” гээд амьтны хорыг малтаад явж. Тэгтэл хор шар нь буцалсан уяачид мөрийцэж наадмын өмнөх орой тэр нутгийнхан бооцоонд бүдүүн морь тавьж, хэн нь мэлзээ авахыг шохоорхсон хүмүүсийн яриа наадмын дэнжээр тарж гэнэдээ. Сэрээнэн гуай, аав хоёр тэр орой улам гаарч, “Хээр морь түрүүлэхгүй бол ногоон Сэрээнэн, шатан хөлт Найдан хоёр дахиж морь уяхгүй, хонь хариулж явья” гэж агсарцгааж байв шүү. Тэд хурдан морьдоосоо салаагүй, хөтөлж идүүлж хоносон байх. Өглөө морь гарахад Намхайн хээрийг би унаад, Бадарч маань манай ээжийн унадаг хурдан шаргаар намайг гаргах болж, аав бидэнд “За одоо хоёр хүүгийн маань хийх ажил үлдэж, морьдоос захалж цуг түрүүлж гарахыг хичээгээрэй” гэж захиад үлдэв. Бадарчийн унасан зул шаргыг Бургалтайн наадамд Хөхийн Нанзадын Шарав ах унаж түрүүлж байсан, хурц гараатай морь, Намхайн хээр гараа сайтай нэг уяаны морьдтой хамт гарвал улам ахидаг тул тэр наадамд зул шаргыг Намхайн хээртэй цуг гаргахаар зориуд өнжөөсөн гэдэг юм. Хүн танихгүй газар мэдэхгүй хоёр, аавынхаа захиасыг санан бусдын дошин дээр зах барьж, өвөртөлсөн чихэр боовоо идэж явсаар эргэх болж ухасхийтэл хоёр морь маань хамгийн түрүүнд гарч өнгөлж явсаар хашир суусан хээр морь өөрөө зөөгөөрөө улам холдож Бадарч маань бусад морьдын хамт үлдээд би гарсан чигээрээ тасархай явсаар түрүүлж, Хангалын бүдүүн Гаанжуур гэдэг хүний хар морийг хүү Чойжав нь унаж үзүүрлэн, хурдан шарга араас шувт нэхсээр эхний арваад морьдийг магнайлан ирж байв.

Аав нар ч баярлаж байгаа гэж жигтэйхэн, сүүлдээ бүр “Энэ морины өмнө хуй салхинаас анги юм гарахгүй гэж хэлээгүй юү” гэцгээж бооцоонд авсан морио хөтлөн Чингэл сумын наадмыг зорив. Чингэлд очиод мөн л нөгөө аргаараа хүмүүсийн хор шарыг малтаад явж гэнэ. Тэндхийнхэн ч мөчөөгөө өгсөнгүй:

Гозон болгоноо бөх гэдэг

Газар морио хурдан гэдэг

Ногоон Сэрээнэнгээ уяач гэдэг

Ногооны газартаа наадам хийдэг, Бургалтайхан юу л шалив гэцгээж байна гэнэ шүү.

Гозон гэдэг нь манайхны бөх өндөр Намжил, тэр наадамд барилдахаар очисон Тогоо зааныг, газар морь гэж хашин адууг хэлсэн аж. Чингэлд Сандаг бичээчийн хээр гэж нөхцөлгүй хурдан, тэргэнд ордог, сайвар хээр морь сүүлийн жилүүдэд ёстой л хуй салхинаас өөр юм өмнөө гаргаагүй гэцгээж байлаа. Будааны наадамд түрүүлсэн ч гэх шиг. Будааны гэдэг нь чухам юуг хэлээд байгаа юм болдоо. “Булганыхан будаатай, будаан дээрээ зодоонтой” гэдэгсэн одоо будаан дээрээ наадам хийдэг болсон бол яамай даа гэтэл өөр наадам байв. Тэр үед Зөвлөлт Холбоот улсын гурван удаагийн баатар улаан армийн анхны маршалуудын нэг, иргэний дайны морин цэргийн нэрт жанжин Семён Михайлович Буддёный Монголд айлчлан Төв аймгийн Жаргалантад Орос орны тусламжаар байгуулсан морин заводыг үзээд, Булган аймгаар зочилоход нь хийсэн даншиг наадамд Сандаг бичээчийн хээр түрүүлсэн юм байж л дээ. Ингээд л уг чанартаа бол Намхайн хээр, Сандагийн хээртэй үзэлцэхээр болж байгаа хэрэг. Манай уяаны хажуугаар хүмүүс гарахдаа “Хангалын наадамд түрүүлсэн нөгөөх хурдан хээр морь” гээд л шивэр авир болцгоож байна. Хээр морь маань ч үс нь босч бүрзийгээд хөлөө ээлжилж сойгоод л унтаад байх. Зарим нь энэ морины уяа нь цоморч байх шиг гэлцэв ч зарим нь зүгээр гэх, одоо ямартай ч дүүрч амьтны хорыг малтаж малтчихаад ямар буцалтай биш. Морьд гарахад хээр морь маань нэг л биш, агсамнаж цовроод Бадарч бид хоёрт дийлддэггүй тэхээр нь Намхай өвөө маань ирж, амгайд нь цулбуураа уячихаад тэр хоёр дундаа хийн хөтөлж явсаар морьд эргэтэл, өвөөгийн маань уяа чивчирч тайлдахгүй чирэгдэж давхиад хутгаар тас огтлон салгахад сүүлчийн морьдийн тоос л нүдний үзүүрт харагдаж байлаа. Зүрх нь үхсэн хээр морь хадуурч модонд ороод эргэж морьдийн хойноос гүйцсээр ид явдаг дээрээ цааш давхих газаргүй бариа тулчихсан юмдаг. Тэр наадамд нөгөөх Сандаг бичээчийн хээр морийг хүү Даваасамбуу нь зайдан унаж түрүүлээд Бургалтайн Дагвын хүрэн айрагдаж билээ. Би хурдан морьдийн тоосонд булуулсаар тас хар нүүртэй амьтан, Намхай өвөөдөө гомдож уйлсаар сүүл мушгиж ирэв. Дараа нь Сандаг бичээч хээр морио тэргэнд хөллөж эхнэр Цэндийгээ суулгачихсан манайхны майхнаар ирж мориныхоо тухай элдэв сонин юм ярьж зочлоод буцахдаа мөрийд авсан морио хөтөлчихөөд тэрэгний морь гүйцэхгүй гэсэн шиг хайван хайван халгиулсаар хааяа хааяа эргэн харсаар аргах ухаагийн дээхнүүр, жаргах нарны доохнуур бараа алдрав. Тэр орой аав нар маань дуугаа хурааж, би Намхай өвөөгөөс болж хомоол хамсандаа дүнсийн, Намхай өвөө зэмлүүлсээр архи ууж согтоод эмээлээ дэрлэн гадаа унтаад өгсөн. Маргааш нь наадам үргэлжлэн өөр нас гарч, Дэжээ эгчийн бөх, манай сумын Тогоо зааны барилдахыг үзэх гээд өчигдрийн паянгийн тухай дурсах зав хэнд ч байсангүй. Тэр наадамд Тогоо заан дөрөвт үлдэж Хөвсгөлийн залуу арслан Бадамсэрээжидэд унасан. Бадамсэрээжидийг түрүүлэхэд хүмүүс түүний уран барилдаан, бие бялдарийг шагшин гайхцгааж байлаа. Сумын заан Тогоо гэж их өндөр, урт чацтай хамж дайрдаг, баглаж өсгийддөг бас нохой морддог мэхтэй хүн байсан юм. Тогоо заан ярихдаа: “Би хамаад дайртал тэр миний суганд эргэж баруун гар нь цээжин доогуур өвдөгт хүрэх шиг болсон. Яах ийхийн зууртгүй хоёр хөл туйвж солибон дээш хөөрч би сэрвээн дээр нь хий эргээд тэнгэр харчихсан хэвтэж байв шүү. Сээрэн дунгуй гэж тийм айхтар мэх байдгийг тэхэд би их сайн мэдэж авсандаа.” гэдэгсэн. Жороо морьд уралдахад нэгэн залуу эмэгтэй их хөөрхөн хэлбэртэй усан тэлмэн жороо, духандаа толин сартай хилэн хар морьтой түрүүлж ирлээ. Тэр морины явж байгаа ч гэж тамдаггүй түүнтэй эгнэх морь ч гэж алга, нөгөөх бүсгүй ч жороо морин дээр явж байгаа нь ч гэж үнэхээр уран, ёстой л морь хүн хоёр ургасан мэт зохисон хөдөө нутгийн энэ гайхамшигийг наадмын талбайд тасархай ирэхэд хүмүүс тойрон бүчиж хар морь унасан эзэн хоёрыг шагшин магтах авай.. Ажиглаваас надад их танил харагдаж ойртон харахул харин Дэжээ эгч маань байж билээ. “Сайхан шувууг суух мод нь хайдгаа” гэж сайхан бүсгүйг унах морь нь бас хайдаг ажгуу. Наадам дуусч Жамбалай ах морин тэргээ хөтлөн бид хоёр морьдоо туун замд гарч нөгөөдүүл мөн л хойноос гүйцэж ирнэ гэчихээд айл хэсч айраг архи ууж, наймаа ярьсаар үлдсэн дээ. Тэхэд Сэрээнэн гуай Хөвсгөлийн Их уулын тууварчин махан шаантаг Наваандамба гэдэг хүнээс тугалтай залуу үнээ зургаа, дээр нь нэг бүдүүн морь өгч нөгөөх жороо харыг аваад араас ирсэн юм. Наваансамба гуай жороо морио зориуд Дэжээ эгчээр унуулж наймаанд бэрх эцэг, наадамд эрх охин хоёрын дур хорхойг хоёрыг зэрэг хүргэж байгаад магад өндөр үнэ хүргэсэн нь тэр буйзаа. Хүмүүс ч бүр гайхшран

- Ямар гээч ид шидтэй амьтан ийм айхтар үнэтэй байдаг юм. Тэр чинь дөрвөн хөлтөй адгуус биз дээ? гэцгээхэд Сэрээнэн гуай

- Адгуус нь ч адгуусаа бас дөрвөн хөлтөй, би ч бас л адгуус өгч авсан. Найман хөлтөй найр алаг морь гэж үлгэрт л гардаг байлаа. Тэхдээ ийм жороо морийг би энэ насандаа үзсэнгүй, жороо гэж найгүй, яаж ч хурдалсан явдлаа алдана гэж үгүй, дөрвөн хөл нь газар хүрч алдан яралзаад хоёр чих нь хулмайж туг сүүл нь намираад ирэхлээр ганзаганаас уясан арван алд аргамжийн үзүүр газраас хөндийрч дөрөө аяндаа хөвхөлзөн дээр нь унасан хүн агаарт хөвөх мэт болж ёстой л найман хөлтөй болов уу гэмээр сая жороо морь ямар байдгийг үздэг юм. Иймийг усан тэлмэн жороо буюу арван алдын жороо хэмээнэ. Би олон жил адуу мал дагаж явсан ч ийм морины нуруунд гарч үзсэн удаагүй. Мянгаар мал хотлуулчихаад ганц охиндоо хонины морь унуулаад байлтай биш” гэж байсан шүү. Ингэж Бургалтайд ногоон Сэрээнэнгийн жороо хар гэдэг морь бий болж хүн бүхний нүдийг бүлтийлгэж байлаа. Ирсэн даруйд нь Дэжээ эгч унаж явахыг нь харчихаад бид хоёр ч бас унаж үзэх сөртөн сөнөсөөр боломж таарахгүй л байлаа. Тэгээд хоёул анаж байгаад адуунд тавихаар нь өвөлжөөнд хашин барьж аваад “хаашаа явахав?” гэвээс нөгөөх маань “Алган дээрээ шүлсээ цохиод үсэрсэн зүгт нь” гэснээр хар морио жороолуулсаар сумын төв орж явчихлаа. Тэхэд сургууль эхлэх гэж бүртгэж байсан үе. Жороо морьтой хоёр яаж гэлдэрч явахав, тэр чигээр нь галигуулсаар сургуулийн хашаанд ортол хүүхдүүд довжооны өмнөх шалбааганд боогдон үүднийхээ саравчин дор бөөгнөрөөд байв. Тэдний дунд манай голын охидууд Хөндлөн Дагвын Өлзийбат, Түмэнгийн Бадарч, Нанзадын Авирмэд, Жамбын Дуламсүрэн, Доогийнхны Цэвээн, Бямбасүрэн, гээд л байнаа тэхээр нь хоёул тэдэнд гайхуулж хар мориороо нөгөөх шалбааг дундуур нэг наашаа нэг цаашаа туулан жороолуулахад хүүхдүүд инээлдэж байгаа гэж жигтэйхэн, ингэж шуугилдаж байтал дотроос нэг том хүн гарч ирээд

-Тэр морьеэ унахан хоёр хөвгүүн нааш ирэгтий гэж байна. Нөгөө хүн бид хоёрыг морьтой сургуулийн хашаанд орлоо гэж зэмлээд аав ээж, нэр насыг маань нэгд нэггүй шалгаагаад сургуульд оруулна гэж байна шүү. Бид хоёр их гэмшиж яаж сургуульд орно гэсээр хашаанаас гартал өмнөөс нэг морьтой хүн явсаар өнгөрөх гэтэл Сэрээнэн гуай “Та нар ингэж явдаг улаан туучийнууд вий” гэж шүдээ зуусаар ташуураа далайхад айсан ч гэж жигтэйхэн, хэлгүй гарч, зөвшөөрөлгүй унасаныг ч хэлэх үү, үнэтэй жороо мориор нь шалбааг туулж явааг ч хэлэх үү, тэрхэн зуурт бидний бөндгөрт зугатах бодол зэрэг орсон бололтой хоёул ухасхийж тэр чигтээ давхичихсан. Сэрээнэн гуай араас хөөж би салаад нөгөөх маань гүйцэгдэхгүй явсаар Гэзэгийн шилээр бараа нь тасарсан даа.

Би гэртээ ирээд гэдэс өлссөн ч тарьсан балагтаа бантан чимээгүй л сууж байтал ээж маань надад өрөмтөй будаан дээр цай аягалж өгөөд “Чи яагаад чив чимээгүй дуугаа хураачихав? Гэмт хүн гэлбэлзэнэ гэж мань хүн нэг хэрэг тарьж дээ” гэж байв. Өрөмтөй будаа бол миний бага насны амт, ээж маань намайг хаана юу хийсэн, юу хүсч байгааг минь үзэж асуухгүй гэмээнэ өөрийнхөө зөн совингоор мэдчихдэг хүн байсан юм. Маргааш нь өдөр нь ногооны Бадарч манайд ирж би түүнээс юу болсон тухай асуухад мань хүн “Хүндхэн туссан гэхдээ давсан” гээд инээж билээ. Бид хоёр ингэж манаргаж явсаар тэр намартаа сургуулиас дуудуулж байж ортол биднийг загнасан нөгөөх хүн маань сургуулийн захирал Тасран байсан юмсанж. Тэрээр манай ангийг авч, дөнгөж эхлээд л Бадарч бид хоёр нэг ширээний ард сууж байсныг салгаж суулгав. “За даа сайнаа үзэхгүй нь дээ” гэлцэж байтал тэвэг, жартай, маатаг ч гэх шиг олон сонин тоглоом сурч, өвөл болоход сургуульд мориор очихоо больж дотуур байранд суух болов. Бид хоёрт аавынх нь дүү Дарьсүрэн гуай, биднээс ганц нэг насаар дүү, хүү Пүрэвжавыгаа харж байгаарай гэж захидаг юм байна. Чухал үг хүлээсэн ах нар нь ч дүүгээ гэж үзэлцсээр нэг удаа будилж түүнийгээ хамгаалах биш харин зодчих шахсан юм. Пүрэвжав маань ангийнхаа Батмөнх гэдэг хүвгүүнтэй муудалцаж тэр нь биеэр том тул хайш нь ч гаргахгүй ноёлж байна аа, бид хоёр дүүгээ өмөөрч, махан бодиор үзэлцэх болоход нөгөөх чинь уурлаж “Та нар гурвуулаа байж ганц хүнийг бүүрлэхлээ би зодолдохгүй” гээд уйлчихлаа, тэхээр нь хоёулаа аргадаж байгаад “Пүрэвжав чиний талд орно” гэвээс нарийн учрыг олоогүй Батмөнх зөвшөөрч зодолдож байтал гэнэт дүүгээ харж байгаарай гэсэн Дарьсүрэн гуайн захиасыг санаад зогсоосон юм. Дотуур байранд яахав дээ, ханын пийшингээ налж хааяа нэг дулаацаад, элдэв юмаар оролдон эвдлэж загнуулаад, хар голдуу цай, шар голдуу будаа, хатсан голдуу боорцог хааяа нэг гэдсэн бууз идэж, Тасран багшийнхаа уурыг хүргэхээр элдүүр чангалж, зан нь сайжирвал сулалсаар хавар болж сургууль тарахад бид хоёроос өөр цагаан толгойн үсгээ бүрэн мэдэхгүй, олигтой уншиж сураагүй хүүхэд гарсангүй. Тэхэд миний эгч Надмид онцсайн сурч, сургууль тартал биднийг түүнд шавь оруулав. Тэгээд уншиж сурахгүй бол гэрт явуулахгүй гэж Тасран багш маань айлддаг байгаа. Амралтаараа хичээл хийж, наадмаар морь ч уяж чадахгүй болох нь гэхээс ухаанаа гарч хэдхэн хоногийн дотор, жилдээ сураагүй үсэглэлээ бүр дажгүй сайн уншдаг болчихсон юмдаг. Яахав, ихэнхийг нь яс цээжилж дуржигнуулаад заримийг нь таасхийгээд буудчихгүй юу.

Удахгүй сумын наадам болох гээд аав нарынхаа амалсаны дагуу бид өөрсдөө Далай гуайн хээр даага бас нэг шүдлэн үрээ уяад би унаж Бадарч маань намайг гаргах болов. Бид даага, шүдлэн хоёроо хар өглөөгүүр бариад, хөлслөж байна гэж унаж уралдаад, мөн ч их ажилтай, нөгөөх маань том хүмүүстэй тааралдах болгондоо л “Ажил гэж толгойтой үснээс их” гээд л сийхгүй авч өгдөгсөн би хажууд нь инээдээ барьж ядан байх, яагаад гэвэл бид хоёр тэхэд үсээ хусуулаад мөнгөн толгойтой болчихсон байсан юм л даа. Ингэсээр анхны үсэргээ болж даагаа тарлахад Бадарч маань намайг жороо хартайгаа хөтөлж эргүүлээд ухасхийтэл мориныхоо амыг дийлэхгүй намайг орхичихоод түрүүлээд ирж, Сэрээнэн гуай Бадарчийгаа хараад “Ингэж морь гаргадаг улаан туучий байдаг юм уу” гэснээ, хар морио хараад “Үгүй ээ мөн нүгэлтэй явж байна шүү” гээд гаансаа шүүрч байсан гэдэг. Тэр жил бидний уясан даага нь урдаасаа, шүдлэн нь араасаа айрагдсан. Тэхэд бид хоёр хурдан морины хусуур сойз бүсэндээ хавчуулж даалинбан дээлийн энгэр ярсан шиг би аавынхаа том хулсан хусуурт түүртэн, нөгөөх маань жороо морины нуруун дээр хөндлөн сууж өөрт нь томдсон Сэрээнэн гуайн хуучин бүрх малгайг толгой дээрээ тогтоон ядан сумын төвөөр галигуулж явлаа. Жороо морь унаад ханатал явуулна гэдэг нэг эрдэм, Бадарч маань түүнд багаас шамдсаар сүүлдээ жороо морийг үнэхээр сайхан унадаг болчихсон юмдаг. Тэр айрагдсан даага бол сумынхаа наадамд нэг бус удаа түрүүлж нутаг усандаа Далайн хээр гэж алдаршсан хурдан хээр морь билээ.Хээр морийг сүүлд нь ногоон Сэрээнэн гуай авч уяад нутгийн хүү Гомбын Цэнджав унаж түрүүлж байхыг би санах юм. Далайн хээрийн хувь заяаг ногооны Бадарчаас асуувал тэр сайн мэдэх нь лавтай.

Сэрээнэн гуай манай аав хоёр бусад хүүхдүүдийг үргэлж өхөөрдөж цаашлуулж заримдаа тэднийг цуглуулан бидэнтэй барилдуулах, айраг өгч хэн их уусанд нь нэг төгрөг өгнө гэх мэтээр бужигнуулж тоглож явах, харин бид хоёрыг болохоор элдэв ажил хийлгэн, заримдаа унага тамгалж дэл сүүлийг нь хяргуулж, заримдаа хонины хашаа зөөлгөж шөнө адуу манах ч юмуу, гурил тээрэмдүүлж хонуулана. Ноолуур самнаж, ногт зангидаж, өвс хадаж, өвөлжөө барьж, хурга хөнгөлж, хонь муулахыг хүртэл хийж үзэв шүү. Цэнд гуайн аав буурал Даш гуай бид хоёрт хурга засахыг зааж Сэрээнэн гуайн бүх хургыг түүний хамт хөнгөлөв. Тэднийх тэхэд мянган хоньтой байлаа. Хурга ишиг хөнгөлөхөд оролцсон хүмүүс засааг тэр өдөрт нь идэж дуусгах учиртай тул өдөр дараалан сүүнд чанасан засаа идсээр бүр залхаж эцэст нь нөгөөхийг нь томоохон аяганд олигтойхон хийж аваад ханын нүдээр цувуулж нохойд сэм өгсөөр арай гэж барсан шүү. Одоо бодож байхад манайхан биднийг нутагтаа үлдэж мал маллан амьдрахад битүүхэндээ горидож бэлтгэсээр байж дээ. Хорвоод хүний санасанаар бүх юм бүтэхгүй болохоор бид хоёр хөдөө тогтсонгүй, хамгийн сүүлчийн удаа Цагаан толгойн наадамд очиж би ногоон Сэрээнэн гуайн хар гэж зун хар, өвөл халтар болчихдог хурдан морийг унасанаас хойш дахин хамт наадамд явсангүй.

Бадарч Орос Улсад сургууль төгсөж мэргэжил эзэмшээд орос эхнэр авч хоёр хүү төрүүлсэн боловч амьдралд тохиолдох элдэв бэрхшээлийг туулсаар эхнэр нь салж хоёр хүүхдийн хамт нутаг буцчихсан юм. Бид залуудаа эмэгтэй хүний гоо сайхныг морь хэрхэн унадагаар нь шинждэг байлаа. Ямар нэг эмэгтэйн тухай ярихад нөгөөх маань дургүй бол малын дөр мэдэхгүй, морин дээр явж байгаа нь гүзээтэй ус шиг ч гэх юм уу, санаанд нь нийцвэл жороо морины нуруунд ёстой ургах хүндээ гэх мэтээр өөнтөглөнө. Гэтэл харин өөрсдөө малын дөр байтугай морины нуруунд гарч үзээгүй эхнэр авчихаж дээ гэж инээлддэг байлаа. Түүнээс хойш бид тус тусын амьдрал хөөж явсаар тухтай уулзалдаж байсангүй эцэг эхчүүд маань дараа дараагаар хорвоог орхин нөгөөх маань ганцаар явсны эцэст монгол эмэгтэйтэй гэрлэж хоёр хүүхэдтэй болоод хотод суурьшиж байтал тэдний буусан Чингэлтэйн аманд тэр жил маш хүчтэй үер бууж өдөр гэртээ үлдсэн хоёр нялх хүүхдийг нь орон гэртэй нь урсгачихсан юм. Хорвоо заримдаа дэндүү хатуу нэхэлтэй байх юм даа. Бадарч маань хүний мөстөй, Хөшөөтийн хөндий шигээ уужим сэтгэлтэй, тусч зантай, гүндүүгүй сайн эр атал хорвоо түүнд тийм хүнд хувь тавиланг оноож туулж гарахыг нэхсээр байнам. Очиод золгодог төрөлх нутагт маань Цагаан овоо нь дүнсийж, Хүйтэн булгийн эргээр хөх дэрс нь сэвэлзэн хужир шүү нь цайрсаар л. Аав ээж, Сэрээнэн Цэнд гуай хоёр, Намхай өвөө, Жамбалай, Дарьсүрэн ах, Тасран багш болон нутгийн буурлууд маань л харин бурхан болчихож дээ. Тогоо заан Дэжээ эгч хоёр гэрлэж Сэрээнэн гуай мал хөрөнгө нилээдгүйг тасалж өгсөн боловч тэд Сэлэнгэд ирж сууршин хоёул Төмөр замд ажиллаж байгаад наяад оны үед Тогоо нь, ерээд оны эцсээр Дэжээ эгч насан өөд болсон доо. Бид номын мөр хөөж гадаадад явж ирээд төвийг бараадсаар холд сурсан эрдмээс хөдөөд хэрэглэх боломж гарсангүй, эцгийн буян, залуу нас мөр, мөрөө хөөн одож буурал суусан бид хоёр энэ хорвоогоос жаран хаврыг нь элээн үлджээ.

Урдын явдал, төрөлх нутгаа эргэн санахад хуучны анд Ногооны Бадарч, буцалтгүй одсон бага нас минь сэтгэлд буудаг юм. Бадарч маань одоо хаана, яаж шүү амьдарч яваа болдоо зайлуул. Түүнтэйгээ нэг уулзан Хүйтэн булгийнхаа хөвөөн дээр морьдоо тушиж тавьчихаад багын гэнэн явдлаа дурсан элгээ хөштөл инээлдэхсэн. Надад түүнээс илүү жаргал хаанаас олдох билээ.
Н.Бадарч Арлингтон 2004

No comments:

Post a Comment