12/17/08

Хэц уулын савдаг

Нутагт минь Урт, Шувуутын гол, Дэлгэр-Өндөр, Хутаг-Өндөр, Тарва, Сант, Сангийн даваа, Харгант, Хянган зэрэг сүрлэг уулсын дунд Хэц гэж араараа бүтүү модтой, газарт хатгачихсан мэт хормой нь шууд л талд нийлчихдэг эгц уул байдаг юм. Иймийн учир Хэц хэмээн нэрлэсэн аж. Багад тохиолдсон үйл явдал санаанаас гардаггүй нь сонин.

Тэхэд би дөнгөж бага сургуульд орж байсан үе юмдаг. Тэр жил Жамбадорж гуайн манайхан Уртын аманд Хэц уулын ар дахь Марзны хотгор хэмээх тохойд зусч байлаа. Ээж маань орой үнээгээ сааж дуусаад солжир эвэртэй хүрэгч гунж байхгүй тул олж ирэхийг надад даалгав. Би алаг үрээгээ унаж үхэр ирсэн замаар эрсээр гунжаа олж туугаад буцах үед бүрий болж Хэцийн араар тойрч явлаа. Хэц ууланд хэзээнээс орших сарсан багваахай үдшийн бүрийгээр нүүр шүргэн алдаж унасан морины хөл доогуур сүр сар хийн нисэх тутамд алаг үрээ ухас ухас хийн явтал хажуу талд “хүүе, хүүе” гэх шиг сонин дуу гарав. Эргэж харахад хэн ч байсангүй. Цааш явж байтал дэргэд хүүхэд уйлаад байх шиг нэг л бишээ. Эргэн тойронд харагдах юмгүй ч энэ харанхуйд хүүхэд хаанаас уйлдаг билээ гэсэн шиг гайхаж явтал нөгөөх дуу бүр дэргэд минь “хүүе хүүе” гэснээ гэнэт нялх хүүхэд чарлан уйлахад сая буг, чөтгөр гэдэг аймшиг миний санаанд бууж би үхтлээ айн духны арьс таталдан толгой дахь үсийг минь хуйхаар нь хуулах шиг болоод, хашгирах дуу гарахгүй, морио гуядах гэтэл гар хөдөлж өхгүйд үхээн алдан айж өмдөндөө дусаах шахаад байтал ашгүй урдаас аав маань ирж билээ. Тэр оройжин ээж маань надаас салаагүй тэвэрч хүзүүнээс минь эрэх гогцоолон зүүж, сан тавин намайг хурайлж, харин манайд цугласан хүмүүс чөтгөр савдагийн тухай бөөн яриа болсондог. Хэцийн ард гардаг сонин хачин дуу чимээ, лус савдагийн тухай олны амнаас янз бүрийг сонсч заримийг нь мартсан ч нутгийн өвгөн Жамбадорж гуайн яриаг би өнөөг хүртэл санадаг юм. Тэр үдшээс хойш би чөтгөртөй дайралдсан тухайгаа үеийнхэндээ бахархан ярихад тэд амаа ангайн, нүдээ бүлтийлгэн сонсоно. Харин би ганцаараа харанхуй бүрий цагаар Хэцийн араар гарахдаа хүйтэн хөлсөө арчин хурдхан өнгөрөхийг хичээдэг байв шүү. Жамбадорж гуай ярьсан нь:


Ахай гүний хошууны баян Санжийн борлог Хямдгүйн Лувсанцэрэнгийнх Урт, Шувуутын голоор нутагладаг, зундаа Уртын голын эрэг Марзны хотгорт бууж баяны мал сүргийг Хэц уулын ар, Будаа, Тарва, Сантаар бэлчээдэг айл байв. Лувсанцэрэн ажилсаг, шаламгай гөрөөч хүн, аливаа юманд ул суурьтай хянамгай тул хямдгүй хэмээн хоч авч тэр нь явсаар сүүлдээ овог нь болчихсон хэрэг. Эхнэр Минжид нь уужуу цайлган зантай, голгүй цагаан царайтай, амьдрал, жаргалыг хослуулан төрсөн гэмээр том алаг нүдээ эргэлдүүлэн, дун цагаан шүдээ яралзуулан мөнгөн хонх шиг цангинан инээмсгэлж явдаг нүд булаам царайлаг хүүхэн. Минжид Лувсанцэрэн хоёр Найдан Сэндэн нарыг төрүүлж бага хүү Найданг хийдэд суулган томыг нь өөрсдийн гар дээр авчээ. Сэндэн эрхлэж тоглох, нохой дагуулж тарвага, зурам эргүүлэн тэр хавийн нүхэнд ус цутгаж, дош сахихаас өөрийг мэдэхгүй хүүхэд байх. Хүмүүс түүнийг “Энэ Сэндэн ер нь эцэгтэйгээ адилхан юм даанч үгүй харин анч болох нь гарцаагүй дэгээ” гэлцэнэ. Санж баян жороо морь, сайн гаанс хөөргөөс гадна анд ихээхэн дуртай нэгэн тул Лувсанцэрэн авд мордоход нь газарчлан, агнасан анг төхөөрч бусад үед малыг нь хариулж, унах унааг нь адуулдаг байлаа. Лувсанцэрэн өөрөө дал шатаан мэргэлж мөр хөөн хэдэн хоногоор явж авалсан ангаа ууланд пүнзлээд цувуулж авчирна. Харин Санж гарах өдөр заавал дагаж автай буцахгүй бол гор нь хүндхэн буудгийг өгүүлэх юун. Санж амьд бүхнийг агнах хорхойтой, зоргол гөрөөсний цус ууж хүчээ сэлбэхийг хийморлогт тооцдог. Нэг удаа тэр бадганатаж үхэх шахаад доргоны цус уугаад сэхсэнээс хойш элдэв амьтны “цус сорох” хорхойтой болчихсон гэж нутгийнхны ам тааруухан байдаг юм. Тэрээр шувуун давжаа цээжиндээ хавгүй томдох пэлбэгэр өргөн нүүртэй, жийтэн онигор нүд, тэнгэрийн дүлий хамар, тэргэний мөөрөн хөлтөй ер нь л элдэв муу муухайн түүвэр гэмээр нэгэн байв. Хорон үйлийг хийчихээд эцэст нь орсон бороонд оногдохгүй хуурай үлдэхийн нэгэн адил гэм зэмгүй өнгөрдөг увидастай. Аянга ч түүнийг онодоггүй, хоёр гурван удаа аянгад ниргүүлээд амьд үлдсэн удаатай. Нэг удаа хөдөө явж байх замд нь аянга бууж унаж явсан мориных нь хазаарийн амгай хайлж морь нь үхээд эхнэрийнх нь гар салга болж өөрөө сэвгүй гарсан аж. Мөн нэг удаа Хөөвөрийн рашаанд очиод майхнаа босготол гэнэт тэнгэр нижигнэн аянга бууж майхныг сархинаг болтол ниргээд өөрөө амьд гарснаа буянтай хүнийг аянга тойрдог хэмээхэд нь хүмүүс “Буруу санаж явсныг нь буян гэхгүй бол өөр түүнд ямар юмных нь буян байх билээ” гэлцдэг юм. Санжийн тухай элдэв муу яриа бишгүйг бичвээс бэх минь дуусах бизээ. Тэрээр өөрөөс доорхид өлсгөлөн бар, өрлөг дээдэст өөхөнд ороосон бөөр шиг овилгон нэгэн тул нутгийнхан “нялага” Санж хэмээн хочилдог байв. Нялага аль ч дүрдээ хоромхон хувирч чадах агаад түүний бодол санаа, зүрх сэтгэл, зан чанар, инээд ханиад цөм зохиомол тул мөн л хоромхон арилаад дахиад өөр дүрд хувирахад бэлэн болчихдог гайхалтай эр. Түүний эхнэр Нүрдэн олон жилийн өмнө Зоригт вангийн хошуунаас Бургалтайд ирж суурьшсан буриад тайж Цэвэг гэж юмтай хүний ганц охин. Эцэг эх нь дараалан нас барьж тэр айлын голомтод үлдсэн өнчин охин Нүрдэнг хаврын цэцэг шиг байхад нь арван хоньтой, аргамжааны ганц морьтой, айлын хоол буудаж явсан Санж нялгадсаар эхнэрээ болгон аваад зогссонгүй Цэвэг тайжийн пийсүү хөөрөг, мөнгөн эмээл хазаар, хэт хутга, дээл хувцас гээд ч ханасангүй. Таван саваагүй хэмээх шүд, чих, хумсний мөнгөн чигчлүүр, ухлуур, сахлын чимхүүр, хэлний хусуурт нь хүртэл эзэн суусан юм гэнэлээ. Харин Нүрдэн Санжтай сууснаас хойш хүүхэд төрүүлсэнгүй тул элдвээр хэлүүлэн гэр орны ажилд борви бохисхийлгүй зүтгэн эргэнэг зуух хоёрын хооронд элэгдсээр намрын навч шиг хатаж элдэв өвчин салахгүй зовж яваа нэгэн. Санж юмтай айлын буянгаар өөдөлж өөрийг нь баян Санж гэж дуудахад ааш зан нь илэрхий зөөлөрч “нялага” хэмээх нэрэндээ ургасан юм зохидог гэнэм. Гэсэн ч удалгүй тэрээр дүрээ хувирган “Муусайн гуйлагчингууд” хэмээн бусдыг тавлах нь энүүхэнд. Харин нутгийнхан түүнийг:

Алтаар биеэ ороовч

Алцан майга нь тэгшрэхгүй

Алтанганжуур бүтээв ч

Атгаг шунал нь арилахгүй гэцгээнэ. Тэднийх нэгэн охиныг явуулын хүнээс үрчилж авсан нь одоо нас идэр, цус шингэн, Хэцийн ард нүдэлсэн товчин шар цэцэг шиг цэвэрхэн, залуусын сэтгэл зүрхийг эзэмдэх гоолиг бүсгүй болжээ. Түүнийг Дуламжав гэх ба сээтэн хаях залуус олон ч эцэг эх нь энэ талаар ам нээлгүй явсаар өдий хүрч. Он жилийн урт, туулсан амьдралын гүнд Нүрдэн нэгэнт хөгширч бие доройтон, яс арьс болтлоо турж хүмүүс дургүйгээ хүрвэл “Нялагын салга ” гэх боловч түүнийг шальтайд тоож байсангүй. Харин Санж хүч чадлаа сэлбээд ч хөрч дутах бүхнийг гаднаас эрэхдээ идэрхэн залуу Минжидийн хөгжилтэй дүр төрх, хилэн хар үс, хашийн цагаан царайг сэм ширтэн санаа алдаж хааяа үг өдөвч хариуд нь өөдтөйг дуулж явсангүй. Ийш тийш явах элдэв ажил гарахад Лувсанцэрэнг хонуудаар мордуулж, эзгүй хойгуур нь эр хүний арван гурван мэхийг бараад ч санаснаа бүтээсэнгүй тул түүнийг эхнэрээс нь холдуулах ухаан сийлсээр хошуу тамгаас баруун хязгаарт хугацаагүй цэргийн албанд мордох хүмүүсийн тоонд оруулж амжив. Лувсанцэрэн цэрэгт явсны дараа Санж ар гэрийг нь эргэх нэрээр цээргүй оролдон амар заяа үзүүлэхгүйд Минжид цухалдан өдрийн бодол шөнийн зүүд болгон уулын онийг нүдээ хөхөртөл ширтэн, хэнгэнтэл санаа алдавч алга. Санж дахин арга ухаан сэдэж Лувсанцэрэн баруун хязгаарт амь үрэгдсэн тухай цуу тараасан аж. Минжид энэ тухай сонсч гашуудан дотроо элдвийг бодож сэтгэлээр унахын туйлд хүрэвч Санжид хэзээ ч нүүр өгч байсангүй.

Сэндэн эрийн цээнд хүрч нутгийн залуустай нийлэн айлын нохой шуугиулан заримдаа эцгийнхээ жангийн цахиурыг үүрэн ой хөвчид ан хөөж алга болсноо нэг мэдэхэд ирчихсэн явахыг үеийн охидууд харж “Сэндэн гуайн авласан ангаас хос нь ч байсан яахав, амсах юмсан” хэмээн ам гарч инээлдэн бие биенээ хөгжөөнө. Сэндэн нутгийн охидийг тоолсноос тогтоож байсангүй, учраагүй нь ховор ч нүдэнд туссан нь үгүй. Дуламжавыг аль хэдийнээс мэдэх боловч зиндаа дээгүүр, баяны охинд хавьтахаас бэргэж, тэгээд ч тэр хээнцэрхэн согоо түүний бэлэнчлэх дур хүсэлд хэзээ ч нийцэж байсангүй. Харин Дуламжав Сэндэнг сүүлийн үед тэдний гадуур тоос татуулан давхин өнгөрч, нутгийн охидуудтай инээлдэн явахыг хараад эрхгүй дотроо цухалдавч чухам яагаад ингэх болсны учрыг өөрөө ч мэдэхгүй явлаа. Тэрээр гэрээс холдох нь үгүй хааяа гаравч Сэндэнтэй дайралдсангүй нилээд хугацаа өнгөрсөн ч орой үдэш хажуугаар өнгөрөх морин төвөргөөн гадаа нь замхран дөрөө хангинуулан буух залуу эрийн чимээг битүүдээ хүссээр байв.

Хөх яргуйг хөхөөн дуугаар нүдлүүж талын хөх зэрэглээнд умбасан хавар цаг айсуй. Хөдөө талд цас цоохортон айлууд өвөлжөөнөөс Урт, Шувуут, Марзны хонгор, Хөх сайраар бууж Сэндэн Дуламжав хоёр алдаг тааралдах болов. Тэлдийн голын баян шаргал Мөнх гэдэг хүний хүүд Санж охиноо өх болсон тухай үнэн эсэх нь үл мэдэгдэх жиг жуг яриа Сэндэнд хүрсэн ч төдийлөн анзаарсангүй явсаар нэг удаа Дуламжавтай тааралдаж тэр тухай яриа өдөхөд Дуламжав хүссэн хүнтэйгээ уулзсан энэхүү мөчид

- Гадуур давхиад өнгөрдөг танд миний явдал ямар хамаа буй заа гэхэд нь Сэндэн

-Хамаатай болоод л тэр... гэж орхиж. Санаа сэтгэлээ илчлэх арга хайж явсан Дуламжав түүний энэ үгэнд олзуурхан

- Би түүнд чинь итгэх хэрэг үү? гэвээс

- Би батлах хэрэг үү? гэж Сэндэн шалахад Дуламжав

-Үнэхээр хүсэл байвал болохгүй нь юу билээ гээд хацраа улайлган инээмсэглэв. Гохоо дараад сумаа буцааж болох биш дээ. Сэндэн “хамаатай” гэдэг үгээ яаж батласныг бүү мэд харин түүнээс хойш Дуламжаваас салахыг байж баян хүргэний тухай яриа Сэндэнгээр солигдож залуу хос үүнийг анзаарсан ч үгүй Урт, Шувуутын голыг өгсөж уруудан давхилдах болжээ.

Лувсанцэрэнгийн бага хүү Найдан хийдэд суусан ч лам болсонгуй харин Шувуутын голдоо ирж эхнэр аван мал маллан хурдан морь уяж адуу малтай ноцолдон явсны эцэст айлын дайтай айл болов. Найдан аавынхаа эзгүйд Санж баяны адуу малыг хариулж хурдан морьдийг сойх ажилтай болов. Бэлэн зарц аяндаа ирсэн энэ завшаан баяны санаанд нийцэвч хөрөнгө бэлээ арвижуулах гол найдвар болсон ганц охин нь барлагийн том хүү Сэндэнтэй сүлбэлдэн давхилдах энэ булчимгүй тоглоомыг Санж нэгээхэн ч таалсангүй харин ч сүүлийн үед түүний санааг улам зовоосоор. Өөрт нь ашиггүй болгоныг хорлох арга ухаанд увидастай Санж нөгөөх хүүг яаж эвтэйхэн зайлуулах арга сиймхий хайсан нэгэн бодлоо өөрөөсөө ч нуун хав дарав.

Намрын нар шаргалтаж Санж, Бурхан модны хотгорт тарьсан хэдэн шан будаагаа хураахаар нутгийнхныг цуглуулан хонь гаргаж бужигнан ажил ид өрнөв. Бурхан мод гэж ганц хар мод Эрдэнэтолгой уулын өвөрт байх агаад хүмүүс түүнийг удган мод хэмээн шүтдэг байв. Хажуу дахь жижиг довцогийг Бурхантолгой хэмээн нэрлэсэн нь мөнөө л бурхан модтой улбаатай аж. Санж, Нүрдэн, Дуламжав гурав хүмүүсийн дунд орж тун ч завгүй. Харин нутгийнханд бол ажиллахын зэрэгцээ нэгэн удаа уулзалдаж, ойр холын сониныг сонсох, хонидуулгад явж ховор цагт мах олж идэх ганц завшааныг алдах хүнгүй. Санж будаа хураах бүсгүйчүүдийг хөгжөөн Минжидийг ажилд сайн, аргагүй сайхан хүүхэн хэмээн магтаж, Нүрдэн газар ухаж эгнүүлэн суулгасан том ширмэн тогоонуудад дүүрэн мах, гэдэс, цай чанан суугаа хөгшчүүд, тэдний хажууд хөглөрөх түлээ мод, сав суулганы дэргэд хөлсөө арчин нааш цааш холхино. Ирсэн хүмүүс хөөрөлдөн бужигнаж гар хадуурын шур шур ширвэх чимээнд хүүхнүүд тэвэр тэврээр хадсан будааг тэр дор нь боож орхисоор төдөлгүй үсээ авахуулсан хүний толгой мэт нүцгэн талбайн дунд мөр мөрийг нь дагуулж босгосон бухлууд ирийлгэв. Боосон будааг үхэр тэргэнд ачин үтрэмд хүргэхээр Дуламжав, Сэндэн хоёр хэдэн хүүхдийн хамт таарчээ. Сэндэнгийн эрс шулуун зан, эргэлдэх алаг нүд, ажилд шаламгай хөдөлгөөн, Дуламжавыг өчүүхэн ч тоосон шинжгүй “тэг, ингэ” гэж тушаах нь улам ч цогтой санагдаж, энэ залуу эрийн хэлсэн бүхнийг гүйцэлдүүлээд баймаар ч юм шиг. Үтрэмд хүрэх замд сул ачсан будаа нурж тал талаас нь модон савраар тулсаар газрын хэвгийд Дуламжавын талд Сэндэн ирж гараас нь барин түшилцэх нь ихэд таатай, идэр эрийн наранд борлосон шууны булчинг даган бөнжигнөх дусал хөлс шаавай бүсгүйн хүзүүнд унаж нүцгэн биеэр нь урссаар доошлох нь улам ч сонин мэт санагдав. Дуламжав Сэндэнгийн нурууг түшиж бүр илмээр санагдаж хурууны үзүүрээр хүрэх зуур өргөн шанааг нь даган энд тэнд цухуйсан сөөвгөр сахалтай халуун уруулаар Дуламжавын хацрыг шүргэхэд хөдөөгийн бүсгүйн зүрхэнд асах түймрийг ичимхий бүрэг зан нь тогтоож дарахад хэцүүхэн байв. Дуламжав нэг гараар ац модоо нөгөөгөөр Сэндэнгийн нурууг түшин наранд халж, хайрын илчинд догдлож дэлссэн зүрхнийх нь лугшилт мөр түшсэн хурууны үзүүрт нь мэдрэгдэх шиг болоход бүсгүй ичсэндээ гэнэт арагш ухасхийн холдов. Сэндэн энээхнийг тоосон шинжгүй будааг нураахгүй ачих шор мод олохыг бодсоор Нялгад хэлж өөрөө уулнаас авчрахыг санал болгоход Санж тийм хол яаж явах вэ? гэснээ ойролцоох ганц модыг заахад хүмүүс Бурхан мод гэвээс “Ганц модоор байгаль дутахгүй, ганц надаар хорвоо дуусахгүй” гээд огтлоод ирсэн юмсанж. Хоёр өдрийн дотор бүх ажлаа дуусган хүн бүрт хувь өгч дараа эсгий хийх өдрийг товлоод орой бороо орвол цайруулсан будаа, үтрэмийг бүтээх хүмүүстэй Минжидийг үлдээв. Санж тэдэнтэй найрлан хүүхнүүд түүнд нүүр өгч наалдахад дуртай ч зав чөлөөгөөр нь Минжинд тал алдсангүй согтсон хүмүүс ч унтаж эцэст нь өдрийн бодол, шөнийн зүүд болж явсан хүнээ дагуулан майхнаас хулуун гарлаа. Харин гарсны дараа Санжийн хүүхэмсэг зан оргүй алга болж, ухаан санаа нь орж гараад нэг л биш болж тэр шөнөдөө мэдрэл нь муудаж хонов. Үүнээс хойш түүний дирийдээ дийлдсэн өмөн санаа нь улам гаарч муу болгоныг сэдэн хүн болгоныг хорлон сүйтгэх гай зэтгэрийн дон шүглэсэн аж. Хорлох тутам махан улаан нүд нь сэргэж майга дугуй хөл нь хөнгөрч түүнийг шүгэлсэн муу ёр үргэлж хатгасаар хэсэгхэн ч байж суух сэхээгүй болгов. Тэр дороо л Сэндэнг худал гүтгэн, орогдол хулгайчийг хайгаад олохгүй үйлээ эдэлж явсан тахарт орноос нь барин өгч шоронд хийлгээд санаа нь амарсангүй. Санж олон сар ойр хавийнхнаа хорлон гай зэтгэрт дагуулж байснаа өвөл хотондоо байгаа малаа эрж гэрээсээ гараад эргэж ирсэнгүй, харин унаж явсан морь нь эмээл хазааргүй гаднаа ирэхэд хүмүүс эрсээр эмээл хазаарыг Хэцийн арын модонд дотроос олсон ч эзэн нь олдсонгүй. Үүний дараа тэдний хотонд хачин сонин явдал, элдэв муухай үзэгдэл амар заяа үзүүлэхийг болив. Шөнө Хэцийн ард хүн уйлж, өдөр бэлчэж байгаа малыг нь үл үзэгдэх юм хариулаад, нойрон дунд гэрт хүн орж авдрыг нь онгичиод нөгөөх эмээл хазаарыг хангинуулаад байдаг болж. Энэ бүхнээс айж зэвүүцсэн Нүрдэнгийн мэдрэл муудаж арай л үхсэнгүй амьтай л үлдэж. Минжидийг үнээ саахад хажууд нь “Аргагүй сайхан хүүхэн” хэмээн шивнээд, үүрээр үл үзэгдэх нэгэн гадуур шуухинан хаяаг нь шиншлэж байснаа “Ха, хөж” гэж мал үргээж нохой шуугиулаад хэцүүхэн байлаа. Хүмүүс аргаа барж ламд үзүүлэхэд Санж хангайн онгонд хүрснээс лусын хорлол болж эд юмс, мал хөрөнгө, эмэгтэй хүнд хоргодсон түүний сүнс савдагтай нөгчихийг даравч далдайх аюултай хэмээн айлдав. Мөнгөн тоногтой эмээл хазаарыг нь олсон газарт нь орхи гэснийг ёсоор болгосноос хойш нилээд хугацаа өнгөрсөнч өөрчлөгдсөн зүйлгүй.

Дуламжав Сэндэнг хүлээсээр санаа сэтгэлээр унаж гунихарч явлаа. Нэг удаа зүүдэнд нь эцэг Санж нь ирж Сэндэн хаана байгааг зааж өхөөр дагуулсаар модонд дотор ноорхой нэгэн гэрийн өмнө авчраад “Энд орж бай, би Сэндэнг дагуулж ирье” гэхэд нь орохыг завдтал гэнэт буун дуу тас хийтэл Санж алга болж, Дуламжав гэртээ суугаагаараа унтаж байснаа сэрсэн гэдэг. Нүрдэн ухаан солиотой болж охиноо орхин тэнүүчилж яваад хүйтэнд хээр осгон нас баржээ. Хатуу ширүүн цагын нугалаанд, санаанд багтамгүй явдлаар дүүрсэн эмгэнэлт явдал газар сайгүй тохиолдсон ч амьд үлдсэн нь хорвоогийн наран дор шороо хөдөлгөхийн төлөө амь хайрлахгүй зүтгэсээр сайн цагтай золгосон аж.

Хугацаагүй цэргийн албанаас амьд салсан Лувсанцэрэн баруун хязгаараас нутгийн зүг өвлийн хүйтэнд өдөр, хоног явсны эцэст Булганширээ хошууны нутагт нэг айлд буухад нь ганц эмгэн орондоо хэвтэж байж. Буу үүрсэн эрийг үзсэн эмгэн ихэд олзуурхан сэргэж энд анч хүнгүй, ууланд цас ихтэй тул гахай талд бууж харин манайх хоол хийх махгүй гээд гахай агнаж ирэхийг гуйхад хүслээр болгов. Эмгэн гахайн махаар хоол хийж өхөд анч эр түүнээс ийм амттай хоол хаана хийж сурсныг асууваас эмгэн өгүүлрүүн: Миний бие Хөвсгөл нутгийн тайгад Хотгойдын удган эхээс төрсөн гөрөөч хүний охин Шүхэрт гэдэг хүн. Эндхийнхэн намайг “хазгар удган” гэдэг юм. Үйл тавилангийн тохиолоор Түшээтхан аймгийн нэгэн тайжийн эхнэр болж нутгаасаа гараад хоол хийхийг заалган сурч, аягач, шивэгчинтэй хангалуун амьдарч байтал эр нөхөр маань Богд хааны цэрэгт мордож дайнд ялсан ч эргэж ирсэнгүй. Түүнийг өнгөрсний дараа би бие давхар үлдээд зовж байснаа нутаг буцахаар шийдэн замд гарахаас өөр аргагүй болов. Замд явж байтал мориноос унаж осолдоод айлд үхэх сэхэхийн дэнсэн дээр буутал гэдсэн дэх хүүхэд маань дутуу төрснийг замд таарсан сайн санаат хүмүүс эх барин авсан юм. Гэмтсэн хөл минь тэсгэлгүй өвдсөн ч хамт яваа хүмүүс яарч замд гарахаас аргагүй болов. Харин дутуу төрсөн охин хорвоод хүн болох гэж зүтгэн ямааны сүүгээр угжуулсаар амьд үлджээ. Би сайн санаат хүмүүсийн хүчинд амьд гарсандаа талархан, нялх охиноо надтай явснаас тэнд амьдрах нь дээр гэдэгт итгэн үр хүүхдийн хүслэн болсон тэр айлд үрчлүүлэв. Тэндээс гарч Булганширээ уулын хошуунд нутаглах өөрийн эгчтэй уулзаж эцэг эх маань өөд болсныг дуулаад цааш явсангүй. Амьдралын эрхээр өөрийн сурч мэдсэн бүх зүйлийг хийж явсаар дахин хүнтэй гэрлэсэнгүй, харин удган болж энэ нутгийнхны дунд “хазгар удган” хэмээн нэршсэн минь ийм учиртай. Өрөөсөн хөл минь хатаж, нүүрэнд тогтсон сорви энэ хэмээн дэн ойртуулахад нүдэнд нь харамслалын ганц дусал нулимс хацар дахь сорвийг даган бөмбөрөв. Ингэсээр олон жилийг авч өөрийн охинтой уулзсангүй. Харин охиныг маань үрчилж авсан эцэг эх Санж, Нүрдэн гэж хүмүүс одоо лусын хорлол болж зовлонд унасан байна, хэмээн Шүхэрт эмгэн өгүүлэв. Тэрээр Лувсанцэрэнд хандан чи их холоос яваа бололтой дээл чинь гандаж, морь чинь унаашчээ. Мөн чиний сэтгэл нэг юманд их яарч гэхэд тэрээр өөрийнхөө, Дуламжавын тухай ярьж түүнийг сонсч суусан удган ханын толгойд өлгөөстөй цагаан дээлээ өмсөн дуу нь улам чангарсаар бослоо. Тэр дээлнээсээ таван өнгийн хадаг элдэв шил толь, хиймэл мөртлөө амьд мэт хөдлөх могой, харцагын савар тэргүүтнийг тал бүрээс унжуулсан байх агаад толгойдоо шар шувууны өд хатгасан малгайг толбигсон байв. Удган ханын толгойд өлгөөстөй хэнгэрэгээ авч цээжин дээрээ тавин долоовор хурааныхаа өндгөөр аяархан дохисоор бөөлж эхэллээ. Түүний царай минчийн улайж ер бусын өнгөтөй болсноо хөдөлгөөн нь улам нэмэгдэн нүд нь аяганаасаа бүлтрэх шахам эргэлдэж байснаа гэнэт дээш цовхрон харайж хэнгэргээ чангаар дэлдэн эргүүгээр бүчилсэн шовх оройт малгайн бүч хоёр хацарт нь шивчрэн шигдэж хамаг биений хар хөлс нь цутган, амнаас нь цагаан хөөс цахарч байснаа хөдөлгөөн нь аажмаар удааширсаар орныхоо өмнө гудайн уналаа. Шүхэрт өгүүлрүүн: Чиний тал цөм сайн боловч тэнд догшин савдаг гарч олныг зовоож миний охины голомтыг самарсан байна. Одоо танай гэрт хорлол нь хүрч болзошгүй тул чи очоод бууныхаа овоо харааг сайн тааруулаад авд морд. Тэр савдаг чам дээр өөрөө ирэх учиртай, харин чи алдаж болохгүй. Хэрэв заяа түшиж тэр дарагдвал охин минь амьд үлдэж, чи нутгийхандаа их буян үйлдэх юм байна. Дарагдахгүй бол тэнд охин маань амьд үлдэхгүй, чи тэр нутгаас нүүсүгэй, бид худ ураг болцгооё гэв. Лувсанцэрэн удганыхаас гарч явсаар гэртээ ирж савдаг тэднийг хэрхэн зовоож байгааг дуулаад тэр өдөртөө цэргийн албанаас үлдсэн ганц юм, бярдаан буугаа үүрч нохойгоо дагуулан авд мордлоо. Тэрээр Хэцийн арын модон дотроос гахайн мөр олж Тарва, Сант, Будаа, Давхархангай, Шар ширэнгээр дамжин Бүрэнгийн нуруугаар өдөржин мөрдөөд ойрхон гахайн дуу сонссоор байвч барааг нь олж харсангүй бүрэнхий болгоод, нэгэн дагзад хүрч унаж хатсан бүдүүн нүүл дархинд шаантаг шаан цуулж дотор нь гал ноцоож хажууд нь хэвтэв. Ийм галыг нутгийнхан найдаа гэх ба зөвхөн цуулсан завсаар гал ээж удаан үргэлжлэн шатах тул түүний дэргэд нүцгэн унтахад ч даардаггүй гэдэг. Тэнгэрийн ододоос өөр юм үл үзэгдэх бүтүү ойн дунд элдэв чамин дуу авиа тэдний дундаас мал тууж яваа хүний хашгирч, хараах дуу алсад гарч нохой нь боргосноо үл үзэгдэх юманд хөөгдөн эргэж шурган Лувсанцэрэн энэ бүхнийг гайхан тохмоо дэвсэн ачмагаа дэрлэн хэвтэж байснаа дээрээс анивчих зугаан мичид нүд ховсдон араас унагатах галын дөл нурууг нь төөнөхөд алжаал нойронд нам дарагдав. Үүрээр мал хариулж яваа хүний нөгөөх дуу дахин гарахад босч улайж буй галын цогон дээр нь цай чанаж уучихаад сууж байтал гэгээ орж нарны гэрэл модны оройгоос доошилсоор шөнөдөө хаялсан шинэхэн цасны ширхэг наранд гялалзан тунгалаг агаарт алсын бараа тодорч эхлэв. Эрхэмсэг ой дуугаа хураан чив чимээгүй нүүргэлтэж халтар модтой гүвээ толгод үргэлжлэн их ой цасан дуулгад хучигдан, өглөөний туяанд ер бусийн олон өнгө хослох нь эргэн тойронд эрдэнэсийн чулуу гэрэлтэн шөнөд орой дээр анивчих тэнгэрийн одод газарт буун лусын оронд ирчихсэн мэт гайхам сонин харагдаж гэнэ. Лувсанцэрэн дагзаас орчныг ажиглахад амьд юм үзэгдсэнгүй тул тамхиа нэрэн сууж байтал тэртээд цасан дээр том хар толбо шиг юм үзэгдэв гэнэ. Энэ юу юм бол, тэнгэр бүрхэв үү гэтэл огторгүйд бүртийх ч үүл алга. Хар толбо хөдөлж, аажмаар ойртоход гөрөөч эр гахайн сүрэг болохыг танив.

Гахай сүрэглэж амьдардаг амьтан. Сүргийг хамгийн хүчтэй эр нь манлайлж бусдыгаа дагуулж, хамгаалж явдаг. Өвөлдөө өдөр идээшлэж шөнө унтддаг, зун эсрэг. Сүргийн бүх мэгжийг сүр хүчээрээ эзэгнэх үр төлийнх нь эцгийг хаван, бусад эрийг нь бодон, эмийг нь мэгж гэх ба мэгж төрөхдөө арав хүртэл түүнээс ч олон торой гаргах тохиолдол бий. Маш хурц махир соёотой түүнийгээ хооронд нь хавиран хурцалсаар ямар нэг үйлд үргэлж бэлэн байлгадаг. Дөнгөж төрсөн торойн нүд нь нээгдээгүй ч соёо нь цухуйсан байдаг юм. Шархадсан бодонгийн хажуугаар морьтой өнгөрөх төдийд л сүүлийг нь тас хяргачихдаг аюултай амьтан. Гахайн сүрэг улам ойртсоор торойнууд чарлалдаж, томчууд нь хамраа шуухинуулан цас манарган сэндийлж, цухуйсан газрыг шиншлэх төдийд хага яран хоорондоо идшээ булаалдан нааш цааш гүйлдэнэ. Энэ сүрэгт том бага нийлсэн зуугаад гахай байгааг баримжаалах зуур олон хөлийн чимээ, их нүргээнд цас шархиран, мод бутны мөчир хугарч амьд амьтны чимээ ойртсоор дүр зураг нь улам тодров. Лувсанцэрэн морио нууж модон дотор уячихаад, нохойгоо хажуудаа хэвтүүлж, буугаа шийрлэн бутны цаанаас амьсгаа даран ажигласаар байлаа. Сүргийн голд бусдаасаа хавьгүй том биетэй, өндөр цээж, данхар толгой, гар хадуур мэт махир цагаан соёотой хаван бодон тайван идээшилж хааяа мал тууж яваа хүн шиг дуу гаргаад байж. Үс хялгас нь шавар чулуутай барилдан ямар ч хурц мэсэнд даагдахааргүй хуяглан хөлдсөн аврага том биеэрээ аймшиг сүрийг эсгэж толгой дохих төдийд бусад нь сүрдэж, сүүлээ хавчин дутаах аж. Лувсанцэрэн тэднийг ажиглах зуур буугаа цэнэглэн сүргийн захад өөртөө ойр яваа нэгэн эм гахайг онилж авлаа. “Гай газар дороос, гахай модон дотроос” гэж гэнэт нөгөөх сүрлэг эр нь сүргээс тасарсан эмийнхээ хойноос сүүлээ огшин шогшсоор овоо хараанд нь орж ирээд, анчны зүг харж толгойгоо өргөн агаар шиншилж ганц хоёр алхаад зог тусан гөлөрсөөр сая сэжиг авав бололтой соёогоо хавиран муухай чарлахад анч эр гохоо дарж орхив. Буу тас хийн дарийн утаа ханхалж асар хүчтэй аянга мэт дуу нь уулын мод даган цуурайтаж, бүхий л ойг сорчихов уу гэмээр нүүргэлтэх төдийд эргэж завдсан хаван орлисоор хойт хоёр хөл дээрээ оцойн дээш харайснаа дөрвөн хөл нь агаарт савлаад цасан дунд бараа алдарч, хэдийнээ тарж давхисан сүрэг гахайн сүүлч нь модны араар далд орлоо. Буун дуунаар ойр орчим сэрэх төдийд хажуу дахь модны мөчирт малгайлан тогтсон цас унаж, ятга шаазгай сандран хушнаас хуш дамжин хашгачиж, хаа нэгтээ шар шувуу үргэн нисээд, мөн төдөлгүй алга болж, эрхэмсэг ой дахин нам гүм болов. Анч эр босч өвдөг шүргэсэн цасан дундуур нохойгоо дагуулан, буугаа барин гүйсээр мөнөөх газар очиход хэдэн алхамын цаана хамраараа газар шаан унасан нөгөөх аймшигт амьтны бараа нүдэнд тусав. Үзвээс дал хавсарч туссан тугалган сум түүний амийг нэгэнт тасалсан ч хөх мах нь таталдаж, бүх биеэс нь уур савсаж байлаа. Бүтэн өдөр өлөн шахуу явсан нохой нь бүр ойртох шинжгүй. Хавангийн цасыг арилгатал нүд нь цавчилж байхаар нь буугаа онилвоос нөгөөх нь тарчилаасан зовлонгоос ангижруулж өгсөнд талархах мэт зөөлөн харцаар өмнөөс нь мэлийтэл ширтсээр байв гэнэ. Энэ яаж байгаа юм бол хэмээн буудахаа ажнаж зэвүүрхсэн ч гахай агнаж заншсан гөрөөч эр төдий л тоосонгүй дахин ойртвоос бодон амаа ангайн нэг урт амьсгаа авч “ёох” гэж гүнээ санаа алдаад нүд анив. Лувсанцэрэнд гэнэт айдас төрж ангаа байсан газарт нь орхиод морио авч буцахдаа нөгөөх дархи шатааж гэсгээсэн газрыг сэндийлж ухаад тэнд хаванг чирч авчран булж хад чулуугаар дарж орхиод хоёр том соёог нь авч ганзгалав. Лувсанцэрэнгийн гэрт ханын толгойноос өлгөсөн зэрлэг бодонгийн асар том хоёр соёог харсан хүмүүс урт, хурцыг нь гайхахаас учрыг тайлахыг төдийлөн сонирхсонгүй, байгалийн эрхшээлийн дор цаг нартай уралдах хөдөөнийхны амьдрал ч тийм зав өгч байсангүй. Харин Уртын эх, Бүрэнгийн нурууны хярд Шохойн цагаан булаг хэмээх жижиг горхины хажууханд нөгөөх гахайг булсан дагз дээр түүгээр явсан хүмүүс савдагийг нь дарах гэсэндээ ч юм уу, заншсандаа ч тэр үү, чулуу нэмсээр нэгэн овоо бий болж нутгийнханд Савдгийн овоо гэгдэж байв. Дараа зун нь тэр хавьд тэнгэр начигнан аянга буусаар нөгөөх овоог ниргэж орхисонд хүмүүс чулуу тавихад дахиад л аянга ниргэсээр том хонхорхой үүссэн нь одоо хүртэл байж л байдаг юм.

Гэсгээлгүй их нүгэл үйлдсэн Санжийн сүнсийг нь хүртэл тэнгэр ингэж цээрлүүлснээс хойш элдэв хачин үзэгдэл үгүй болж удган эмгэний ачаар Хэц уулын савдагийг ийнхүү дарсан аж. Удган эмгэн Ахай гүний хошуунд үрчлүүлсэн охиндоо ирж Дуламжав лусын хорлолоос ангижиран, Нүрдэн осгосноос хойш Хэцийн ард одоог хүртэл хачин дуу хааяа гаравч тэр нь чөтгөр, савдаг бус хэдийгээр нас бие барсан ч хойд төрлөө олоогүй хоосон тэнүүчлэх элдэв сүнс, дүд, ороолон болж ардаа үлдсэндээ хорогдон тарчилж яваа нь тэр гэнэ. Хүн эхээс төрөхдөө баруун мөрөндөө сайн сайхан бүхний зам, аз хийморийг есөн цагаан буянаар тэтгэгч Лха таван тэнгэрийн хүч, зүүн мөрөндөө муу бүхнийг өдөөн хатгаж арван хар нүглээр дөрөөлөн дэврүүлдэг таван дирийтэй гардаг юм гэнэлээ. Тэд эзнийхээ төлөө үргэлж тэмцэлдэж байдаг аж. Дирий нь боссон хүн муу муухай бүхнийг үйлдэх дон шүглээд бүр дийлдэхээ болих ба тэр үед Лха нь орхидог. Ийм хүнийг дирий нь боссон гэх ба тэрээр бусдыг хорлохгүйгээр тэсч байж чадахгүй болж чөтгөр савдагтай нөгцөн ихээхэн аюул тарьдаг. Хүн нас барсны дараа сүнс нь зайлж долоон долоо буюу дөчин ес хоногтоо хойт төрлөө олох ба олвол хорхойд хоргүй, олохгүй элдэв муутай нөгцвөл чөтгөр, савдаг болох аюултай, ийм сүнс хойд төрлөө олтлоо ихээхэн зовдогч ч дахин хэзээ ч хүн болж төрөхгүй гэж өвгөн Жамбадорж гуай ярьдагсан. Хэцийн ард гардаг элдэв дуу чухам хэний сүнс болохыг мэдэх аргагүй, сэтгэлээр хатаж, үгүй болсон Нүрдэн хойд төрөлдөө хүрэх замаа олохгүй тусламж хүссээр яваа ч юм билүү.

Санжийн хорлолоор шоронд ороод элдвийг даван хилс хэргээс мултран амь хэлтэрч эцэхийн туйлд хүрсэн Сэндэн олон хоног явган нүцгэн явсаар нутгийнхаа барааг харж Уртын голыг өгсөн Марзны хотгорт гэрийнхээ гадаа ирлээ. Хорвоогийн үүрүүлсэн зовлон нь, амсуулсан жаргалаас илүү ч Лувсанцэрэн Минжид нар турж эцсэн хүүгээ сая таньж ихэд баярлан оонын хоёр эвэр шиг зэрэглэн өссөн хоёр үрээ хажуудаа суулгаад дор бүрдээ хөл болов. Сэндэн гэртээ дөнгөж ирсний дараа Дуламжавыг амьд эсэхийг мэдэхээр буцаж мордон Шувуутын эх, Замбалын булагт зусч байгаа тэднийхнээр очиж түүнийг дагуулан давхисаар ирлээ. Шиврэн орсон эрвээхэй хур намдаж хээрийн салхи үлээх зуны намуун энэ үдэш огторгуйн мандлаар сэмрэх хурган үүлний цаанаас тэнгэр хангай инээмсэглэх мэт энд тэнд одод анивчин зулай буурал Хэц уулын нүцгэн шовх орой сарны гэрэлд баатар эрийн дуулага мэт гялалзан байхад, арын модонд нь сүүдэр тусч ер бусын аймшигт хүчтэй энэ сүрлэг уулын нууцыг далдлах мэт түнэл харанхуй нөмөрсөн нь энэ хорвоод гэрэл сүүдэр, зовлон жаргал нэгэн мөч бүгд зэрэгцэн орших нь юутай үнэн гэлтэй. Сэндэн гэрийнхээ гадаа хаяанд сууж сэтгэлт хүн Дуламжав, төрж өссөн нутаг Уртын амны жижиг тохой, голын хөвөө, өвс ногоог нь хүртэл бэтгэртлээ санасанаа сая мэдрэв. Тэрээр оргилон буй хайр сэтгэл, чөлөөт амьдралдаа шунан, энэ бүхэн зүүд болчихвий гэсэн шиг, Дуламжавыг байн байн илж, элгэн нутгийнхаа цэнгэг агаарт цээж дүүрэн амьсгалаад “Маргааш сайхан өдөр болох нь” гэсээр бүсгүйн хамт илүү гэртээ орцгоов. Дөрвөн хасаг тулга дахь задгай цогинд хөх аргал нэмж, хилэн улаан галын зүггүйхэн дөлийн хажууд эсгий ширдэг дэвсэн суусан хос залуусын жиг жуг инээлдэх шивнээн, гадаа чөдөрлөж тавьсан морьд хааяа тургин, тайван идээшлэхээс өөр чимээ ойр хавьд гарсангүй, тэргэл сарны гэрэл хөдөө талыг ер бусийн өнгөөр хучихад Хэцийн ар дахь Марзны хотгор зуны шөнийн нам гүмд тайван нойрсов.

Ингэж Жамбадорж өвгөн яриагаа дуусгаж билээ. Найдангийн Жамбадорж гуай бол Бургалтайн голын буянтай буурлуудын нэг, яс хугарахад онцгой мэдрэмжтэй, олон ч хүний хугарсан ясыг эвлүүлж эдгээсэн бүр бяцарсныг хүртэл илж имэрсээр хэвд нь оруулчихдаг айхтар сайн бариач, амьдрал мэдэх ухаалаг хүн байсан юм. Харин нас өндөр болсон хойноо халитарч унаад сүүжээ гэмтээн барих хүн олдохгүй өөрөө аргалсаар амьдралынхаа сүүлчийн жилүүдийг Сэлэнгэд охин Дуламсүрэнгийндээ суугаа өнгөрөөхдөө бүх хүүхдийг нь өсгөж гарыг нь ганзаганд хүргээд далаад оны үед насан өөд болсон гэнэм зэ.

No comments:

Post a Comment