12/17/08

БАЛДАН ТОЙНЫ БАЛАГ

Хуучин цагт тайж язгууртан хүн лам хуврага болвоос тойн хэргэм шагнуулж сүм хийдээс шан харамж авдаг байж. Сул гүн Балдан хэдий тайж удамтай ч хувь тавилан, үйлийн үрээ даган явсаар эцэг эхээс өнчирч гав ганцаар хоцорчээ.

Эцгээс үлдсэн хөрөнгө, гүн цол гандсан дээл мэт болж амьдралд нэмэр өх нь барагтай тул ядуу гүн Балдан амь зуулгаа бодон тойн болчих санаатай сүм хийд, хурал номд ухаан малгайгүй гүйн шөнийн бор хоногтоо л гэрийн бараа хардаг байв. Ингэж явсны ачаар тойн хэргэм хүртэн бурхны шавь болж санасан хэргээ бүтээв гэнэ. Энэ хугацаанд орон саваа өөд татах зав чөлөө болоогүйн гор нь энэ шөнө харин ч нэг гарав бололтой. Урд шөнөжин цутгасан зүсэр бороо түүнийг ер унтуулсангүй, өрхөө бүтээсэн ч шүүрэн шанага шиг болсон хуучин дээврээр борооны ус сад тавив. Ахин дахин босч бороо салхинд ноорсон дээвэр туургатайгаа ноцолдон бүслүүр хошлонгоо чангалсаар бороо намдахад сая нэг юм салж үүр нарны тэрхэн чөлөөнд орондоо орж нам унтлаа.

Гэсэнч тэрээр нэг л мэдэхэд гадаа гарчихсан морио эрж явав. Урд үдэш чөдөрлөж тавьсан хаашаа ч холддоггүй хашин хээр морь нь хавь ойрд алга. Хайсаар Баалын горхны мөрөгцөг тохойд очитол тэр хавиар явган хүн явах аргагүй, усны халиа хажуу дахь Тойгон толгой хэмээх өмнүүрээ эгц хадан цохиотой араараа бол морьтой явган хэн ч явахуйц жижиг товцогийн өмнөх ханан хадны элгэн дэх агуйн амаар мэлтийн эргээр ургасан моносон төгөл бүхэлдээ үерт автан мойл сагсайсан мөчрүүд нь доош унжин усны мандал шүргэн алдаж харагдлаа. Балдан ус гаталж нөгөө талд нь гарчих санаатай хөвөөг даган явсаар гүедүү гэмээр газраар хөнгөлөн зэтгүүлвээс ёроолын нанги шаварт шигдэн тогтоол усанд золтой л үйж үхсэнгүй мацаж зүтгэсээр буцаж гарав. Нөгөө талаар тойрч мөрөгцөгийн хажуу дахь Тойгон толгойн араар алхсаар товцог дээр гарч ойр орчныг ажваас чөдөртөй морь нь бараагүй, харин толгойн орой дахь хэсэг халцгай дээр нэг цагаан юм хэвтэж байна гэнэ. Цас юмуу гэтэл халуун зунаар ордог цас гэж хаа байхав. Чулуу юмуу гэтэл урд өмнө ер байгаагүй, тэгээд ч ийм том чулууг уулын оройд гаргах бяртай, завтай хүн энэ хавьд үгүй хэмээн өөрөө өөртөйгөө ярьсаар дөхөж очивоос харцагын жигүүр дор цагиргалан нойрсож буй нэгэн бүсгүй байна гэнэ шүү. Татахул огт хөдөлдөггүй шөнөжин орсон бороонд ч норсон шинжгүй хув хуурайхан. Балдан тойн аминдаа чимээ өгч хоолой засан хий ханиалгавч нэмэргүй, өнөөх бүсгүй огт тоосон шинжгүй нойрссоор л байв. Үхчихсэн юм боловуу гэтэл цээж нь оволзон амьсгалж байх аж. “Үгүй мөн бөх нойртой хүн юмаа. Над шиг урд шөнийн бороонд нойргүй хоноод сая унтсан буйзаа” хэмээн бүсгүйг орхин чөдөртөй морио эрэхээр цааш хөдлөв. Явсаар морио олж буцах замдаа нөгөөх газраа очиж бүсгүйг дахин хармаар санагдаад тунчиг болдоггүй гэнэ. Тэрээр ганцаар байж жожиг болсон, тэгээд ч лам хуврага хүн унтаж буй эм рүү очих байтугай зүглэх ч цээртэйг өөртөө өөрөө сануулсаар авч нэг л мэдэхэд бүсгүйн дэргэд ирчихсэн зогсож байв. Бүсгүй ч унтаад л байх юм гэнэ. Балдан түүнийг сэрээхээр дуудаж, татаж эцэст нь бүр гүрэмдээд ч барсангүй. Яая даа байз гэсээр дэмийй л нүүрэнд нь хүртэл цэв хүйтэн байв. Тэхээр нь дулаацуулах санаатай хоёр хацрыг нь халуун алгандаа хавчуултал түүгээр дамжин түгэх биеийнх нь илч бүсгүйд шингэж буй нь хурууны өндөг дэх судасны цохилтоор мэдрэгдэн нөгөөх бүсгүй аажмаар дулаацан амилж эхлэв гэнэ шүү.

Энэ үеэр тэнгэрт бүртийх ч үүлгүй өглөөний наран дээрээс мэлцийн байгаль дэлхий өнгө засах мэт болж харцагын жигүүр дор нойрсох бүсгүйн царай ягааран гэрэлтэж мяндсан зөөлөн үс нь уулын салхний аясаар далайн давалгаа мэт үелзэн навчин дороос цухуйх жимсэн улаан уруул, аньсган дороос тормолзох мойлон хар нүдээр эм биеийн үзэсгэлэнг бадрааж тойны өмнө тэргэлж буй саран мэт мишээх хосгүй үзэсгэлэнт бүсгүй яг энэ өглөөний наран мэт урган босч ирвээ. Балдан энэ яваа насандаа ийм үлэмжийн гоо бүсгүйг нүдээр олж харах байтугай ой ухаандаа ч төсөөлж байсангүй атал одоо үзтэл яг өмнө нь зогсож байна гэнэм. Тэрээр түүний мэлмийд өөрийн гараар хүрч биеийг нь өөрийн илчээр дулаацуулан амь өгч хөл дээр нь босгосон нь ямар ер бусын гайхалтай, ямар учиртай сайн тохиол болов хэмээн бодохоос сэтгэл догдлон байтал хайтан цэцэг шиг өнгө тунгалаг, хайрын бурхан шиг сэтгэл татам уран гоо, залуу бүсгүй босч өмнөөс нь мишээн түүний зүг гараа сунгав. Эмэгтэйн гоо үзэсгэлэнг тоохгүй өнгөрөөх тэнхэлгүй болсон гоонь эр чухам яахаа мэдэхгүй хий сандравч тэр үед үүнийг тэсвэрлэн өнгөрөөх чадал ямарч эрд яаж л байв гэждээ. Бүхнийг бурхан сахиусандаа даатган гоо бүсгүйн гарыг өөрийн мэдэлгүй шүүрэн авч бурантагт дөрлүүлсэн хайнаг мэт хөтлөгдөв.

Бүсгүйн гар нь хамба хилэн мэт зөөлөн агаад үнэр нь өнтөй намрын сугар өвс мэт ариун аж. Тэрээр хамт нисье хэмээн харцагын жигүүрээ түүний өмнө дэлгэв. Тойн нисэхгүй нисэхгүй хэмээн өөртөө хэлсээр л атал нэг л мэдэхэд бүсгүйн араас нөгөөх эгц хадан цохионоос үсэрч орхивоо. ” Бид нислээ, миний гараас бүү тавиарай. Одоо ямар байна, гоё байна уу?” гэх бүсгүйн дуунаар тойн сая амьсгаа авч “Аахаа” гэж арай гэж бувтнавч чухамдаа бол хэзээ л юун дээр унах бол хэмээн айж тас анисан нүдээ ч нээж чадсангүй хөвсөөр... Гэтэл унасангүй гэнэ. Сая нүдээ нээвээс өмнөх бүх юм эрээлжлэн маналзаж өрийн эрхгүй урсах нулимсаа мөрөндөө шудран явсаар дасч хараа тогтоон ажваас тэнгэр газрын савслагад үнэхээр нисч явлаа. Тэртээ дор Бүрэнгийн нуруу дүнхийж ам бүхнээс нь садран буух гол горхи хайлсан тугалга мэт мэлтийн, ногоон тал дахь мөөгөн цагаан гэрүүдийн тооноор хөх утаа чанх дээш суунаглан түүний цаана хонин сүрэг сувд мэт цайран харагдав. Энэ хот айлын дээгүүр гарваас бүгд түүний танил байх атал тойныг ердөө ч тоосонгүй, тэдний дунд тойн болохоос өмнө хааяа бууж морддог Тогоодулам хүүхэн тойны дуртай зутантай шаргал цайгаар хажуу дахь эрчүүдийг дайлан түүний зүг харах ч үгүй гэнэв. Балдан ниссээр гэрийнхээ гадаа буутал сая санваартан лам нар, саахалт айлынхан тэдний гадаа цөм цугларч түүнийг тойрон бүчиж байснаа эцэст нь элдвээр хараан зүхэж бүр занаж чичилж эхлэв. Балдан тойн энэ ер нь биш болох нь хэмээн тэднээс дутаан хөөрөх гэтэл хүмүүс дороос нь татсаар тойн бүсгүй гараас алдарч үйлийн лайгаа үүрэхээр үлдвээ зайлуул. Түүнийг хүмүүс тэр дор нь барьж хүлээд жигүүртэй нь хамт чирч явсаар сүмийнх нь өмнөх том тогоонд хийж “Чи ингээд нис, ингээд нис, одоо яаж нисэхийг чинь харъя” хэмээн дор нь гал өрдөж эхлэв гэнэ.

Балдан тойн дахин нисэхгүй гэж орилсоор хөдлөх гэвээс хөл нь хүлээтэй, хашгирах гэвээс хоолой сөөж дээш дүрэлзэн тогооны амсар халих галын дөлд тэсэхийн аргагүй хөрвөөсөөр шавдан олбогоос мултран орны өмнөх шалбааг дунд унасанаар хар дарсан зүүднээс сая нэг ангижрав. Тэнгэр цэлмэн нар шарсан их үдийн аагим халуунд хамаг биеийнх нь хөлс цутган ам нь цангаж хоолой нь хатсан тэрээр гэрийн хаяан дахь борооны устай хавчиг модон хөнөгт толгойгоо дүрэн сэрүүцэж уушигиа тэнийлгэвч зүрх нь дүүжин мэт савалсан хэвээр л байв. Балдан тойн чухам юу болсныг эрэгцүүлэн тамын тогооноос салсандаа сэтгэл нь нэг амсхийж лусын дагина шиг бүсгүйг дахин олж харахгүй болсондоо нэг гонсойн үлдэв. Үүнээс хойш Балдан тойн гоо бүсгүйн тухай бодовч дахин зүүдэлсэнгүй. Гэсэнч түүний нүдэнд дэлбээлж буй далийн ягаан цэцэг мэт энэ хорвоогийн хосгүй үзэсгэлэнт бүсгүйн дүр, зүрхэнд нь Дарь Эхийн мутар мэт уран гарт хөтлөгдөн хамар гижигдэм анхилуун үнэрт нь хорогдох хээрийн салхиар амьсгалан бүхнээс дээгүүр өртөөлөн хөвж явах тэр агшин өргөс мэт шигдэн үлдсэн энэ бусын гайхамшигийг мартаж чадахгүй л явлаа. Тэрээр гадуур явахдаа шувуу хэрхэн нисч буухыг ямагт ажиглан энд тэнд унасан өд сөдийг авч заавал үлээн хийсгэж түүний араас яавал нисдэг болох вэ хэмээн мөрөөддөг болов.

Нэг удаа тэрээр гөрөөч хүнээс тоодогийн даль жигүүр авч өд бүрээр задлан буцааж эвлүүлж үзээд өөрөө жигүүр хийхээр зориг шулуудсан хэрэг. Ингээд л хамаг хэрэгтэй багж хэрэгсэл, жигүүр хийх зүйлсийг авч хэд хоногийн хүнстэйгээ Тойгон толгойн агуйд хүний нүднээс нуугдав. Зүүдэнд үзэгдсэн нөгөөх жигүүрийг санан санан байж нэгэн даль жигүүр хийсэн нь үнэхээр гайхам сайхан болов гэнэ. Балдан өрийн урласан нөгөөх жигүүрээ аван Тойгон толгойд гарахаар явж байтал олон хоногоор сураггүй алга болсон тойныг хайж явсан лам нар олж түүний нууц задрав. Балдан тойныг энэ удаа зүүдэнд нь бус зүрхэнд нь ортол торлон шийтгээд арай л сүм хийдээсээ хөөсөнгүй үлдээж гэнэ. Үүнээс хойш Балдан тойн нөгөөх явдлыг мартаж байтал бас нэг сонин үйл явдал тохиожээ. Тэрээр нэг өглөө бостол чөдөртөй морь нь бас л алга. Гэхдээ энэ удаа үнэхээр байдаггүй гэнэ. Хайсаар мань хүн нөгөөх л Тойгон толгой дээр гартал морь нь харагдсангүй харин өмнөх халцгай дээр нь нэг цагаан юм байна гэнэ. Дөхөөд очитол өөрийнх нь хийсэн нөгөөх даль жигүүр яах ч аргагүй мөөн. Тэрээр нүдэндээ итгэсэнгүй “Би зүүдэлж байна уу? гээд нүдээ ахин дахин арчивч үгүй аж. Харин жигүүр дор гоо бүсгүй л алга гэнэ. Балдан тойн битүүхэндээ бүсгүйг хайсаар хясаа өөд алхав. Тэртээ дээр мөнх хөх тэнгэр, мандалд нь ганц шар наран, үзэсгэлэн гоо бүсгүйн сэтгэл сэргэм инээдээр өмнөөс нь мишээн даллах мэт анивчсаар байв. Балдан зөн совиндоо хөтлөгдөн соронзонд татагдсан мэт хадан цохионд дөхсөөр нэг л мэдэхэд хөл нь газрын хөрснөөс ховхрон жигүүр дэлэн үсэрчихвээ.

Маргааш өглөө нь Тойгон толгойн өвөр дэх цүнхэл усны халианд нэгэн хүн ухаангүй хэвтэж байсныг Тогоодулам хүүхэн олсон нь Балдан тойн байв. Тогоодулам түүнийг үхэр тэргэнд ачин гэртээ авчраад хугарсныг эвлүүлж хагарсныг боосоор эдгээж гэнэ. Балдан тойн сэргэтэл түүний дуртай зутантай цайны ааг хамар гижигдэн, дөрвөн хасаг тулганд дүрэлзэх хөх аргалын зүггүйхэн улаан дөлийн гэрэлд Тогоодулам хүүхний тос даасан хөрслөг царай зусаг хонины нялх уураг мэт шаргалтан туяарч тойны зүг эрхлэнгүйхэн мишээсээр айргийн хул дүүрэн зутантай шаргал цайгаа мэлтэлзүүлэн угтлаа. Балдан тойн уур савссан хулыг хоёр гардан авч тагнай түлэм халуунаар нь амсарт нь ууруулаа хүргэн алдан шоржигнуулан сорсоор дундлаж сая ёроол дахь өтгөн зутанд хүрч амтархан үмхэлж дуусангуут аягаа тосон дахин нэг дүүргэж аван хойш суун дух, хоёр шанаагаар урссан хөлсөө цамцныхаа ханцуйгаар шударч зав чөлөөнд нь аагтай цайнаас хааяа нэг балган тухлав. Хээр хонож ундаашсан бие нь халуун цайнд тавигдан сая царай орсныг үзвээс энэ цай түүнийг дотор гаднаас нь халаахаар барахгүй зүрх сэтгэлийг ч бас халаасан буйзаа.

Балдан тойн Тогоодуламынхааас гарч гэртээ ирэх замд лам нар нэгэн юм дамжлан бүрээ бишгүүр хангинаж түүний араас олон хүн дагасан нь сор залж яваа аж. Гай барцат, аюул гамшигаас гэтлэн элдэв муу явдлаас сэргиийлж муу бүхнийг үхлийн хар зам руу нь тонилгох бурхан шашны ид шид,хувилгаан хүчтэй зүйл бол сор залах үйл мөн. Сорын баруун зүүн зүгүүрт гартаа жангийн цахиур буу, цээжиндээ хуяг дуулга агшаасан дөрвөн хар хүн, тэдний араас сор залагч лам, дөрвөн махранз түүний араас олон лам нар бусад замд нийлсэн болон мөргөлчид явна. Сор залах үйл бол тийм амар зүйл биш, онцгой их нямба хийж бүх догшин бурхадын дотроос хамгийн догшинийг нь баясалгаж ер бусын ид шидийг олсон лам хүн нь л гагцхүү түүнийг залж чадах ажгуу. Энэ ламын өмссөн зүүсэн бүхэн үнэхээр сүртэй содон агаад түүнийг харсан хэний боловч санаа бодолд сэтгэл сэртхийм аймшиг, сүсэг бишрэлийн зөн совинг зул болгон асаамой. Толгойдоо Очир, Очирын дор жинстэй хохмой, түүний хүрээгээр дүрэлзэх гал дөлийн чимэгтэй бас нэг ер бусын унжуурагт малгай байх агаад энэ унжуурагад шанаанаас эхлэн олон тийш элдэв ороолон, буг чөтгөр, үхдэл хүүр, элдэв муу муухай бүхнийг дүрслэн хийж өлгөсөн нь ламын алхам бүрт тал тал тийш үсчин салбагнах аж. Түүний өмссөн товшмол цагаан ул, ээтэн хоншоортой гутлын доод биед өнгийн утсаар угалз шаглан, түрийг цагаан, улаан хэлхээ шүрээр хослон чимж гутлын түрийгээс доош зулаг, хоншоор хүртэл үүлнээс доош газарт унжихдаа галаар тургиж буй догшин лууг дүрслэн чимсэн нь зүйрлшгүй их сүр, аймшигийг төрүүлэнэ. Сор залагч ламын царай үхээрийн өнгөтөй, дүр догшин, аяганаасаа бүлтрэм эргэлдэх хоёр нүдний харц ширүүн бөгөөд ард яваа цахиур бууны ам мэт хүйтэн, шанааны таг хэмээх далбигар том малгайг бүчилсэн бүч нь хоёр шанаанд нь чивчрэн далд орсон тэрхүү хэсгээр түүний хар хөлс цуван эрүүн доогуур зангидсан үзүүрийг даган дуслах нь улаан цус нөж урсах мэт ажгуу. Энэ ламын алхах бүрт ээтэн гутлын ул тэртээ холоос гялс гялс хийн харагдах агаад алд шахам өргөн хунцуйт хувцас түүнд зүүж унжуулсан зээ ваазын толгой бүхий догшин дүрийг хараад энэ бүхний хажуугаар ямарч хүний сэтгэл сэртхийхгүй өнгөрөх аргагүй аж. Үүний араас модоор хийсэн гурвалжин сараалж дүртэй сор хэмээх нөгөөх ид шидэд зүйлийг хоёр лам дамжлан явлаа. Энэ сараалж дотор шанам малгай орхимж бүхий нэгэн хүнийг дүрслэн балин хийж доод талд Балдан тойны урласан нөгөөх дал жигүүрийг дэвссэн байх аж. Тэдний араас аймшигт дөрвөн махранз, бусад олон лам нар цан хэнгэрэг, бүрээ бишгүүр хангинуулан маань уншин дагалдагсад элгэн хүрэн орхимжоор өвч биеийг бүтүү ороож өндөр оройтой овоодой малгайг толбигсон байв.

Замаас нийлэгсэд бусад хүмүүс энэ ер бусын ид шидийг олж харахаар тэмүүлмой. Эдгээрс зүгийн муу зүүн урдыг барин хүрэх газар Тойгон толгойн зүүн суганд очиход өмнөөс бэлдсэн сүрэл, модон овоодойд гал оруулав. Хатсан сүрэл гал авмагц дээш дүрэлзэн авалцаж хуурай мод чад пад хийн галын дөл томорсоор сор залах үед улам бүр дүрэлзэн дээд цэгтээ хүрч залагч нөгөөх лам, хоёр хүн арай ядан дамнах сорыг ганцаар ер түүртсэнгүй өргөн агаарт эргэлдүүлэн галын дөлд хэдэнтээ дүрж самарч байснаа нүдээ тас анин дүрэлзэн буй гал руу шидэж орхиод хойноос нь хар хадаг уясан нэгэн зүйлийг элгэн дороосоо суга татан гаргаж хэдэнтээ галд хий дүрэн шидэхэд цахиур буут эрчүүл нэгэн зэрэг пин пан хийлгэтэл цан хэнгэрэг бүрээ бишгүүр цөм нэгэн зэрэг улам чангаар янгинаж байснаа бүх чимээ намжин дүрэлзэж буй галын дөл аажмаар бүхсээр ор мөргүй унтарч орчинд чив чимээгүй болов. Сор залагч лам сая нүдээ нээн өөрийн биеэс зайлан одсон сүнсээ эргүүлэн дуудаж алив амьтны амар амгалан, эх болсон зургаан зүйлийн ерөөлийг уянгалуулан дуудав. Балдан тойн цус царцам энэ аймшигт ядлыг харсны дараа эрхгүй өөрийн үйлийг санан гэнэт айдас төрж алив нүгэлт явдлаас хурдан хагацаах энэ бүхнийг сүшиглэн дагаж дотроо ч гаднаа ч бишрэн залбирсаар үлдвээ. Энэ явдлаас хойш Балдан тойн тэрхүү аймшигт зүүдийг ор тас мартан

Шар жанчаа тайлан

Шанам малгайгаа аваад

Хөх тэрмэн дээлээ өмсөн

Хэт хутгаа агсаад

Хар болж өнгө солиод

Хашин хээр морио

Хайр найргүй ташуурдан

Тойгон толгойн шилээр тоос татуулан давхихдаа...

Эр бор харцага минү зээ

Жигүүрхэндээ хүчтэй л билээ.

Идэрхэн залуу насанд минү зээ

Даанчиг томоогүй л явлаа даа ... хэмээн үглэх дуулахын хооронд амандаа аялан Тогоодулам хүүхнийд үдшийн бүрийгээр бууж үүрийн хяраанаар мордон гэртээ ирж шар жанчаа өмсөн шанам малгайгаа углан өглөөний бүрээнээр сүм рүүгээ яаран гүйдэг болов оо. Нутгийнхан Балдан тойны жиг явдлыг юу гэж л мэдэхгүй өнгөрөөв гэж дээ. ”Тойн маань оройхон гараад ширүүхэн дайр ч байх шив” хэмээн зарим нь даапаалан инээлдэж байхад зарим нь ”Тойгон толгойн цохионоос унаад толгой нь бүр эргэж орхив” гэлцэнэ. Тойгон толгойн зүүн суганд сор залсан нөгөөх газрын суурьт сороос үлдсэн хог новш нар салхинд идэгдэн байсаар дараа жилийн нэг үерээр урсч алга болсон. Үүнээс хойш лам нар “Гол горхи голдрилоо элдэв муу юмнаас ийнхүү цэвэрлэж ариусгадаг юмдаа” хэмээн ярьцгаах болов.Балдан тойн ийнхүү өглөө нь бурхнаа, үдэш нь биеэ бодон лам хуврага хүн эмд ойртох цээртэй ч огт түүнгүйгээр бас амьдрах аргагүй байгалийн жамыг биеэр амсч энэ хоёрын алийг нь дагах вэ хэмээвч хариуг эс олов. Бурханаа дагахаар бие нь шаардаад, байгалиа дагахаар амь зуулгаасаа салах гээд байдаг. Тэрээр ацан шалаа энэ хоёр хуулийн аль алинийг нь ч гомдоосонгүй алд биеэ хоёуланд нь зориулж явсаар хэнд ч юунд ч үл захирагдах эх байгалийн жамаар өөрөө хөгширч насан өөд болжээ. Түүнийг нас барсны дараа Тогоодулам хүүхэн лам хүнийг оршуулах бүхий л үйлийг ёс горимоор нь гүйцэлдүүлэн Тойгон толгой ханан хаданд суугаагаар нь онголон хөдөөлүүлэв.

No comments:

Post a Comment